Таашаах урлаг “Taschen” брэндийн ном Монголд

Хүн төрөлхтөн үүссэн цагаас ном гэдэг оюуны гайхамшигт соёл, тансаг таашаал үүссэн гэхэд хилсдэхгүй. Номыг эрт цагаас модны үйс, амьтны арьс, торго дурдан, алт эрдэнэс гээд тансаг эд өлгийн зүйлс болгож ирсэн байдаг. Монголын томоохон хэвлэлийн газар “Непко” үүсэн байгуулагдсан цагаасаа дэлхийн нэр хүнд бүхий олон хэвлэлийн газартай хамтран ажиллаж ирсэн. Тиймдээ ч дэлхийд алдартай “Британника” нэвтэрхий толь зэрэг шилдэг бүтээлүүдийг монгол уншигчдадаа өргөн барьсан. “Непко”-гийн хамт олон дэлхийн хэвлэлийн зах зээлд тэргүүлэгч Германы алдарт “Taschen” компанийн брэнд бүтээгдэхүүнүүдээр “Таашаах урлаг Taschen Монголд” хэмээх үзэсгэлэн худалдааг “Централ тауэр”-ын хоёрдугаар давхарт зохион байгуулж байна.  Taschen” брэндийн номууд нь этгээд атлаа донжтой зохиомж, загварын өвөрмөц шийдэл, гайхалтай зураг чимэглэлээрээ ялгардаг юм. Тус компанийн урлаг, уран баримал, уран зураг, гэрэл зураг, загвар, кино урлаг, аялал, аж байдлын сэдэвтэй номууд дэлхий дахинд алдартай. “Taschen” компанийг 1980 онд Бенэдикт Ташен хэмээх эрхэм Германы Кёльн хотоо үндэслэн байгуулжээ. Өдгөө тус компанийн номууд дэлхийн хорь гаруй хэлнээ орчуулагдан түгсээр байна. Энэ брэндийн номын салбар дэлгүүрүүд Амстердам, Брюссель, Бэвэрли Хиллз, Копэнхаген, Кёльн, Даллас, Хамбург, Лос-Анжелос, Лондон, Майами, Лондон, Нью-Йорк, Парис зэрэг дэлхийн томоохон хотуудад амжилттай үйл ажиллагаа эрхэлж байна. Эдний хэвлэсэн домогт боксчин Мухаммед Алийн тухай “Greatest of All time” хэмээх 792 хуудас бүхий ном 15 мянган ам.долларын үнэтэй бөгөөд хүн төрөлхтний түүхэн дэх хамгийн том, хамгийн хүнд ном аж. Үзэсгэлэнд хавтсанд нь саравчийг хавчуулсан 3D ном 70 мянган төгрөгийн үнэтэй байсан бол хамгийн үнэтэй ном нь “Modernism rediscovered” 520 мянган төгрөгөөр зарагдаж байлаа.