“Төрийн бэлгэдэл” үзэсгэлэнгийн нээлт боллоо

Монгол Улсын ардчилсан шинэ Үндсэн хуулийн 22 жилийн ойд зориулсан “Төрийн бэлгэдэл” үзэсгэлэнгийн нээлт өнөөдөр  Төрийн ордон дахь Төрийн түүхийн музейд болов. УИХ-ын дарга З.Энхболд үзэсгэлэнг нээж үг хэлсэн юм. Мөн Үндсэн хуулийн цэцийн дарга, доктор Ж.Амарсанаа үзэсгэлэнгийн нээлтэд хүрэлцэн ирсэн төрийн түшээд, Үндсэн хууль тогтоогчдод баяр хүргээд Үндсэн хуулийн үзэл санаа, ач холбогдлыг иргэн бүр сайн ойлгож мэдэрч, хуулиа даган мөрдөж, төрийн бэлгэдлээ зөв ойлгож, зөв хэрэглэж сурах хэрэгтэйг зөвлөөд энэ талаар бичсэн шинэ номоо Төрийн түүхийн музейд бэлэглэв.

Үзэсгэлэнгийн нээлтэд УИХ-ын зарим гишүүд, ардчилсан шинэ Үндсэн хууль баталсан Ардын Их Хурлын депутатууд, Үндсэн хуулийн өдрийг тэмдэглэн өнгөрүүлэх комиссын гишүүд, албаны бусад хүмүүс оролцлоо.

Энэхүү үзэсгэлэнд Үндсэн хуульд заасан төрийн бэлгэдлүүд болон төрийн есөн бэлгэ, долоон эрдэнэ, ардчилсан Үндсэн хуулийн төслийг хэлэлцэж байх үеэр төрийн сүлдний талаар иргэдээс ирүүлсэн загварууд зэргийг дэлгэн тавьсан байна. Мөн Монголбанкны Эрдэнэсийн сангаас шашин төрийг хослон баригч нарангэрэлт Богд Жавзундамбын хэрэглэж байсан төрийн алт, мөнгөн тамга, шашин төрийг хослон өрнүүлэгч эх дагинын хэрэглэж байсан мөнгөн тамгыг авчирч тавьсан бол Үндэсний түүхийн музейгээс Халхын Очирбат түшээт ханы тамга, Эрдэнэ бишрэлт Засагт ханы тамгыг олон нийтэд үзүүлэхээр авчирсан байна. Тус музейд одоогоор цаасан баримт болон биет үзмэр бүхий нийтдээ 140 гаруй ховор нандин үзмэр байгаа ажээ.