“Дакар ралли-2014” барианаас гарлаа

Ачааны болон суудлын автомашин, мотоциклийн төрлөөр зохион байгуулагддаг бартаат замын “Дакар Ралли” уралдаан өчигдөр эхэллээ. Аргентин, Болив, Чили зэрэг гурван орны нутаг дамнан зохион байгуулагдах энэхүү уралдаан 14 хоног үргэлжлэх юм. Аргентины нийслэл Росарио хотоос гараагаа эхлүүлж Сан Луист барианд орох аж. Энэ жил  “Дакар ралли-2014” уралдаанд Монголоос Х.Батболд 143 дугаартайгаар оролцож байгаа юм. Түүний хувьд 15 настайгаасаа мотоцикл унаж эхэлсэн бөгөөд энэ жилийн “Дакар Ралли” уралдаанд “BMW G450 X” маркийн мотоциклоор уралдахаар бэлтгэлээ базаажээ. Тэрээр тэмцээнд мордохынхоо өмнөхөн “Миний хувьд Дакар бол дэлхийн шороон замын уралдаануудын хамгийн хэцүү бөгөөд өрсөлдөөнтэй нь. Энэ жил би Монголд зохиогдсон олон улсын “Ралли Монголиа” уралдаанд чамлахааргүй амжилттай уралдсан. Дакарын олон арван километр замд зориулан мотоциклиороо маш их бэлтгэл хийсэн. Биеийн хүчний бэлтгэл хангахын зэрэгцээ Монголын говийг мотоциклоороо тууллаа. Дакар миний хувьд шинэ бөгөөд гайхалтай адал явдал байх болно. Дакарт финиш хийж уралдаанаа амжилттай дуусгахыг би маш их хүсч байна” гэжээ. Түүнээс гадна 104 дугаартай Н.Лхамаа, 180 дугаартай Д.Болдбаатар зэрэг Монголын тамирчид тус уралдаанд оролцож байгаа билээ.