Монгол Улс Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээсний 102 жилийн ойн
өдөр өчигдөр тохиолоо. Наймдугаар Богд Жавзандамба
хутагтыг хаан ширээнд өргөмжилж, таван яам бүхий анхны Засгийн газар байгуулж
байсан энэ түүхэн өдрийг тохиолдуулан Төрийн ордны хойд цэцэрлэг дэх Монгол
Төрийн тамганы хөшөөнд Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж, УИХ-ын дарга
З.Энхболд, Ерөнхий сайд Н.Алтанхуяг болон УИХ, Засгийн газрын гишүүд хүндэтгэл
үзүүллээ. Мөн тэд Төрийн ёслол, хүндэтгэлийн өргөө гэрийн тулганы галыг бадраах
ёслол үйлдлээ. Түүнчлэн эрх чөлөө, тусгаар тогтнолын төлөө тэмцлийг манлайлагч,
Монгол Улсын эзэн хаан Богд Жавзандамба хутагтын дурсгалд зориулсан хөшөөний шав
тавих ёслол Тусгаар тогтнолын талбайд болсон юм. Ёслолын ажиллагааг Монгол
Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газар, Нийслэлийн ИТХ, Нийслэлийн Засаг даргын
Тамгын газар хамтран зохион байгууллаа.