Монгол Улс цэвэр усны нөөцөөрөө дэлхийд багавтар нөөцтэй орны тоонд ордог,
хомс нөөцтэй орон юм. Хот, суурины хүн ам хурдацтай өсч, үйлдвэрлэл, үйлчилгээ
хөгжихийн хэрээр усны хэрэгцээ, шаардлага улам бүр нэмэгдсээр байна. Энэ
эрчээрээ явбал 2020 он гэхэд Нийслэл болоод зарим томоохон хот, суурин газрууд
усны гачигдалд орох аюул тулгараад байгааг судалгаа харуулж байна. Монголчууд
бид сүүлийн 100 хүрэхгүй жил ЧАНДМАНЬ ЭРДЭНЭ БОЛСОН УСАА хайрлаж, зөв зохистой
хэрэглэж ирсэнгүй. Үүнээс болоод “УС” хэмээх энэхүү рашааны үнэ, цэнэ алдагдаж,
түүнд хайр гамгүй хандсаар байна. Үүний уршгаар хүн ардаа усаар хангах,
хэрэглээнээс гарсан бохир усыг татан зайлуулах үйлдвэрлэл, үйлчилгээ зогсох,
Монгол Улсын “үндсэн хууль”-иар олгогдсон эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрх зөрчигдөхөд
хүрлээ. Дэлхийн хөгжилтэй орнуудад орон сууцанд оршин суугч нэг иргэн хоногт
дунджаар 100-160 л ус хэрэглэдэг бол Монгол улсад орон сууцны нэг хэрэглэгч
хоногт дунджаар 230 л ус хэрэглэж байгааг сүүлийн үеийн судалгаагаар тогтоожээ.
Энэ нь та бид усыг тийм ч оновчтой, үр ашигтай зарцуулдаггүйг илтгэж байна.
Иймд Усны зохицуулах зөвлөлөөс ойрын үед усны үйлчилгээний үнэ тарифын зохицуулалтыг
хийх гэж байна. Нийслэлийн орон сууцны хэрэглэгчид 1 л усыг 32 мөнгөөр авч
ахуй, ундандаа хэрэглэдэг. Хэрвээ нэг хүн хоногт 230 л ус хэрэглэдэг бол 4 ам
бүлтэй айл сардаа 8000 орчим төгрөг төлдөг гэсэн үг. Үнийн зохицуулалт
хийснээр, танд үзүүлэх үйлчилгээ сайжирч, усны үнэ бодит утгаараа тогтоно.
Иргэн та ухаалаг, зохистой хэрэглээг амьдралдаа хэвшүүлж хоногт 100-130 орчим л
ус хэрэглэж чадвал урьд төлж байсан хэмжээгээр буюу түүнээс ч бага төлбөр
усандаа төлөх боломжтой юм. Иймд Усны зохицуулах зөвлөлөөс нийт ус хэрэглэгч,
ард иргэддээ хандан ус гэдэг үнэт баялгаа ухаалаг, зөв зохистой хэрэглэж
хэвшихийг уриалж байна.
Ухаалаг хэрэглэж,
бага төлье.