Швейцарийн “Waldgut” хэвлэлийн газар
энэ сарын 1-ний өдөр Монголын тухай бас
нэгэн шинэ номоо уншигчдын хүртээл болгожээ. “Wenn
die goldenen Kamele weiterziehn” буюу “Алтан тэмээний нүүдэл” ном нь угсаатан зүй судлаач, зохиолч А.Шенкийн шинэ
бүтээл юм. Шар өнгийн хавтас нь гарчигтайгаа ихэд тохирсон мэт. Хавтсан дээрх
гарчигны доохон талд “Монголын тухай шинэ өгүүллэгүүд” гэсэн бяцхан тайлбар
хийсэн байв. Дашрамд дурдахад, “Waldgut” хэвлэлийн газар нь Монголын тухай
нэлээд хэдэн номыг баруун Европын уншигчдын хүртээл болгосон. Зөвхөн Монголд
төдийгүй Ази тэр дундаа зүүн хойд Азийн соёл, ёс заншлын талаарх бүтээлүүдэд
онцгой анхаарал хандуулдаг гэж болно. “Waldgut” хэвлэлийн газрыг үндэслэн
байгуулагч, захирал Беат Брехбүлийн ярьснаар “Далай лам VI-ийн хайрын тухай
шүлгүүд” зэрэг Азийн орнуудын тухай бүтээлүүдийг нь барууны уншигчид сайн мэднэ
гэв. А.Шенк нь Монголын тухай нэлээд хэдэн ном бичжээ. Манай оронд тодруулбал,
баруун аймгуудад сүүлийн 20 гаруй жил тасралтгүй судалгаа хийж байгаа аж.
Бөөгийн шашин, нүүдэлчдийн соёл, үндэсний ёс заншил нь түүний судалгааны гол
сэдэв юм. Түүний шинэ номонд 11 өгүүллэг багтжээ. Номын өмнөх үгэндээ тэрээр
манай нэрт зохиолч, соён гэгээрүүлэгч Данзанравжаагийн шүлгээс иш татаад,
Монголын тухай өгүүлэх сонин зүйл зөндөө хэмээн онцолсон ажээ. “Дээшээ тэнгэр
хол, доошоо газар хатуу” гэдэг бидний сайн мэдэх хэллэгийг иш татсан нэгэн
өгүүллэгтээ тэрээр монгол ухааны талаар өгүүлжээ. Говиор явж байхад нь гэнэт
авто машин нь эвдэрсэн аж. Ёстой л нөгөө дээшээ тэнгэр хол, доошоо газар хатуу
гэдэг болж, бүтэн хоёр өдөр ноцолдоод засч чадаагүй машиныг нь жирийн нэгэн
хөдөөний залуу жинхэнэ монгол ухаанаараа зассан тухай өгүүлжээ. Хөдөө нутгаар
явж байхдаа иймэрхүү явдалтай нэг бус удаа тохиож, монголчуудын ур ухааныг ихэд
биширдэгээ ч дурджээ. Гэвч Монголд юм бүхэн сонин, сайхан байдаггүй гэдгийг ч
тэрээр онцолсон юм. Уул уурхай хөгжсөнөөр онгон байгалиа хэрхэн үгүй хийж
байгаа, шашин шүтлэгт хэт автан зарим нь хүмүүсийг түүндээ итгүүлж, ашиглах
болсон талаар ч номонд дурдсан байна. Нэг үгээр хэлэхэд өдгөө бидний амьдарч
буй Монголын нийгмийг нэлээд өргөн хүрээнд толилуулахыг хичээсэн ном болсон
гэдгийг дурдмаар санагдав. Мөн түүний бичсэн “Баруун Монголоос номынхоо
хэвлэлийн газарт бичсэн захидал” өгүүлэг нь сонирхлыг минь ихээр татсан юм.
Тэртээх Алтай нутагт явж байхдаа удахгүй хэвлэлд шилжих ёстой номоо яагаад
товлосон хугацаандаа бэлэн болгож чадаагүй, ямар бэрхшээлтэй тулгарч буйгаа
учирлан өгүүлсэн аж. Захидал хэлбэрээр бичсэн уг номондоо зохиолч Монголын
өнөөгийн нийгмийн сөрөг талыг тодоор харуулжээ. Эцэст нь хэлэхэд, саяхан
хэвлэгдэн гарсан “Алтан тэмээний нүүдэл” номны хавтасны баруун дээд өнцөгт 20
мянган жилийн өмнөх тэмээг дүрсэлсэн аж. Түүхчдийн тэмдэглэн үлдээсэн тэмээний
анхны зургаар ийн чимсэн нь их сонин санагдаж байлаа.