Ном бүтээнэ гэдэг нэг насны буян хэмээн монголчууд хүндэтгэлтэй ханддаг.
Тиймээс ч ухаан далай номоос эхтэй хэмээн ярилцдаг. Ном гэдэг бүтээлч, шинэлэг
сэтгэлгээг шаарддаг оюуны чадамжийн толь аж. Тэгвэл хоёр оны босгон дээр
“Мэргэн ухааны цагаан толгой” хэмээх шинэхэн ном худалдаанд гарчээ. Уг номонд
монгол хэлний яруу тансаг хийгээд амьдралын ухааныг багтаажээ. Эл ном нь
сүүлийн үед хамгийн сайхан бэлгээр нэрлэгдэж байгаа тухай уншигчид ам сайтай
байгаа гэнэ. Өнөө цагт орчуулгын ном олширч, Монгол сэтгэлгээгээр бодит
амьдралыг дүгнэн харах нь ховордсоор байгаа тухай манайхан ярьцгаах болсон.
Тэгвэл монгол хүнд орчуулгын биш Монгол сэтгэлгээний оюунлаг ном илүү хэрэгтэй
байгааг номын зохиогч анзаарчээ. Номын онцлог нь амьдрал хэцүү биш амттай,
асуудалтай биш гарцтай, ядуу биш баян, төгсдөг биш мөнх гэдгийн нууцыг тайлж,
ирээдүйдээ итгэлтэй, зөв сайхан амьдрах итгэл үнэмшлийг бэлэглэж, эх орноо
хайрлан хөгжүүлэх хүсэл эрмэлзлийг өдөөхүйц ном болсон тухай номын уншигчид
хэлж байна.