Монгол гэр ЮНЕСКО-д бүртгэгдсэн 23 дахь өв боллоо

Азербайжан улсын нийслэл Баку хотноо Соёлын биет бус өвийг хамгаалах ЮНЕСКО-гийн Засгийн газар хоорондын хорооны ээлжит 8 дугаар хуралдаан болжээ. Уг хуралдаанаар “Монгол уран бичлэг” удирдах хорооны гишүүн 24 орны гаргасан шийдвэрээр санал нэгтэйгээр батлагдсан бол ЮНЕСКО-гийн Хүн төрөлхтний соёлын биет бус өвийн төлөөллийн жагсаалтад манай улсаас нэр дэвшсэн “Монгол гэрийн уламжлалт урлал, зан үйл” мөн санал нэгтэйгээр батлагдлаа. Тус жагсаалтад 31 орон өөрийн соёлын биет бус өвөө нэр дэвшүүлсэн байна.

ЮНЕСКО-гийн Монголын үндэсний комиссын Ерөнхий нарийн бичгийн дарга Г.Жаргалсайхан энэ үеэр хэлсэн үгэндээ Монгол үндэстэн байгаль орчин, ахуй амьдралын өвөрмөц онцлогтоо зориулж бүтээсэн төдийгүй олон зууны туршид байгалийн шалгарлыг даван туулж ирсэн “Монгол гэр” Хүн төрөлхтний соёлын биет бус өв болж байгаад баярласнаа төлөөлөгчдөд илэрхийллээ. Мөн тэрээр: “Бид хүн төрөлхтний өмнө хүлээж байгаа үүрэг хариуцлагаа тод ухамсарлаж, ард иргэд төр засгийн хамтын нэгдмэл санаа зорилгын хүчинд хадгалж хамгаалан явах болно” хэмээв. Мөн энэ жил 10 жилийн ойгоо тэмдэглэж байгаа соелын биет бус өвийн конвенцийн хэрэгжилтэнд өндөр ач холбогдол өгч байгаагаа уламжилж ард түмнийхээ үнэт өвүүдийг хадгалж хамгаалахад анхаарч ажиллахаа илэрхийлсэн байна.

ЮНЕСКО-гийн Хүн төрөлхтний соёлын биет бус өвийн төлөөллийн жагсаалтад ийнхүү манай улсын 6 дахь өв амжилттай бүртгэгдсэн бөгөөд өмнө нь Морин хуур хөгжмийн уламжлалт урлаг, Монгол ардын уртын дуу, Монгол наадам, Монгол үндэстний хөөмэйн урлаг, Бүргэдийн баяр буюу Шувуучлахуй бүртгэгдсэн гэж ЮНЕСКО-гийн Монголын Үндэсний Комиссоос мэдээлэв.