VIII Богдын хөшөөг бүтээж, Тусгаар тогтнолын талбайд байршуулна

Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2013 оны 12 сарын 20-ны өдөр болсон ээлжит хуралдаанаар Хөшөө шилжүүлэн байрлуулах тухай асуудлыг хэлэлцлээ. Энэхүү асуудлыг Нийслэлийн Ерөнхий төлөвлөгөөний газрын дарга, Улаанбаатар хотын ерөнхий архитектор Н.Нацагдорж танилцуулсан юм. Тэрээр VIII Богд гэгээн Жавзундамба хутагтын хөшөөг шинээр бүтээж, Чингэлтэй дүүргийн 5 дугаар хорооны нутаг дэвсгэр дэх Тусгаар тогтнолын талбайд байршуулах саналыг танилцууллаа.
VIII Богд Жавзундамба хутагтыг (1867-1924) үндэсний эрх чөлөөний хувьсгалыг чиглүүлэн залж, ялалтад хүргэсэн, 1911 оны 12 сарын 29-нд Монголын Тусгаар тогтнолыг сэргээн, дэлхий дахинаа тунхагласан хэмээн түүхэнд тэмдэглэн үлдээсэн байдаг. 1911 оны цагаагчин гахай жилд Монголчууд Үндэсний тусгаар тогтнолоо зарлаж, VIII Богдыг Монгол улсын шашин төрийг хослон баригч, хэмжээгүй эрхт хаант өргөмжилж өвлийн дунд сарын шинийн есөн буюу аргын тооллын 1911 оны 12 сарын 29-нд тусгаар тогтносон Богд хаант Монгол улсыг байгуулсан юм. Тэрээр 1911 оны Үндэсний эрх чөлөөний хувьсгалыг удирдан манлайлж, Манжийн дарлалаас салгаж, тусгаар улс болгож чадсан, Монголчуудын оюун ухааны их удирдагч байсан гэж түүхч судлаачид үздэг. Тиймээс 12 сарын 29-нд тохиох эрх чөлөөний өдрийг тохиолдуулан Монголчуудын тусгаар тогтнол, эв нэгдэл, төр шашны хөгжлийн төлөө тэмцэгч, VIII Богд гэгээн Жавзундамба хутагтын хөшөөг бүтээж, Чингэлтэй дүүргийн 5 дугаар хорооны нутаг дэвсгэр дэх Тусгаар тогтнолын талбайд байршуулахаар төлөвлөжээ. НИТХ-ын Тэргүүлэгчид уг асуудлыг хэлэлцээд VIII Богд Жавзундамба хутагтын хөшөөг шинээр бүтээж, Тусгаар тогтнолын талбайд байршуулахаар тогтоол гаргалаа гэж Нийслэлийн Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.