“Чулуун судар – Соёлын өв” үзэсгэлэн нээгдэв

ССАЖЯ-ны Соёл, урлаг хөгжүүлэх сангийн санхүүжилтээр хадны хиймэл үсэг, бичиг, тамга тэмдэгийн улсын нэгдсэн бүртгэл мэдээллийн сан, эдгээр дурсгалын шинэчилсэн тоо баримт бий болгох, судалгаа хийх зорилгоор “Чулуун судар – Соёлын өв” төсөл хэрэгжиж буй. Энэхүү төслийн 2013 оны бичээс судлал, дардас авах хээрийн шинжилгээний ангийн ажлын гэрэл зургийн үзэсгэлэн өчигдөр Үндэсний номын сангийн уншлагын танхимд нээлтээ хийлээ. Төслийн баг 2013 оны наймдугаар сард есөн аймагт 8000 орчим км зам туулж хийсэн хайгуул судалгааныхаа үр дүнд нийтдээ руни, худам монгол, тод монгол, ланз, төвд, хятад, уйгар, согд, тамга тэмдэг зэрэг есөн төрлийн 30 гаруй бичээсийн сийлмэлийнх нь дардсыг авч, бэхнийх нь гэрэл зургийг авчээ. Үүний дотор өмнө нь эрдэм шинжилгээний эргэлтэд ороогүй шинэ руни, ланз, тод, хятад зэрэг бичээс цөөнгүй байгаа аж. Мөн замд байх буган хөшөө, хүн чулуун хөшөөний зургийг авч солбилцлыг тогтоосноос арав гаруй нь урьд өмнө судлагдаагүй хөшөө байжээ. Уг судалгааны үеэр Ховд аймгийн Өвөр дөрөлжийн руни бичээст чулуу, Баян-Өлгий аймгийн Олон нуурын руни бичигт хөшөө, Ховдын Шар сүмийн гэрэлт хөшөө зэргийг хайсан ч олдоогүй байна.