Ардчилсан хувьсгалын 24 жил, Ардчилсан намын 13 жилийн ойд зориулсан “Цагаан
морин жил” гэрэл зургийн үзэсгэлэн Төрийн ордонд нээлтээ хийлээ. Үзэсгэлэнг
нээж Монгол Улсын Ерөнхий сайд Н.Алтанхуяг “Ардчилсан хувьсгалыг эхлүүлж байх
үед маш их тэвчээр зориг шаардсан өдрүүд байсан юм. Ардчилсан хувьсгалын үед
болж байсан үйл явдлыг манай гэрэл зурагчид гэрэл зурагтаа мөнхөлсөн байна. Түүхээ
дурсаж, залуучуудад хүргэх зорилгоор энэ зургийн үзэсгэлэнг гаргалаа. 24 жилийн
дараа манай ардчиллынхан ард иргэдийнхээ итгэлийг дагаад явж байгаад би баяртай
байна” хэмээн онцолсон юм. Уг үзэсгэлэнд гэрэл зурагчин С.Цацралт, Т.Энхболд,
С.Амарсанаа нарын 1989-1990 он хүртэлх гэрэл зургуудаас түүвэрлэн 150 гаруй
бүтээлийг Төрийн түүхийн музейд дэлгэсэн байна. Ардчиллын төлөөх он жилүүдэд
Монголын ард түмэн хэрхэн тайван замаар жагсаал хийж өнөөдрийн өндөрлөгт
хүрснийг энэхүү үзэсгэлэнгийн гэрэл зургууд бэлхнээ илтгэж байсан. Үзэсгэлэнгийн
нээлтэд Засгийн газрын хэрэг эрхлэх газрын Тэргүүн дэд дарга Д.Цогт-Очир,
ССАЖ-ын сайд Ц.Оюунгэрэл, УИХ-ын гишүүн С.Одонтуяа, ОБЕГ-ын дэд дарга
Д.Дарь-Сүхбаатар тэргүүтэй хүмүүс ирцгээжээ. Ардчилсан хөдөлгөөнд 100 гаруй
мянган иргэн оролцсон гэдгийг илтгэх нэгэн зураг хананд харагдана. Өдгөөгийн Тэнгис
кино театр буюу Ялалтын талбай зүг бүрээс цугласан хүмүүсийн хөлд дарагджээ. Ардчилсан
хөдөлгөөнд оролцож явсан хүмүүс тэврэлдэн уулзаж хөл хөөрцөг болно. Тухайн цаг
үеийнхээ бэрх цагийн түүхийг өнөөдөр хэрхэн бичиж үлдээснээрээ бахархах агаад
тэнгэрийн орноо одсон зарим нөхдөө дурсан хоолой зангирна. Ялангуяа төр
нийгмийн нэрт зүтгэлтэн С.Зориг, “Хонхны дуу”-гийн С.Цогтсайхан гэх зэрэг
журмын нөхдийнхөө тухай ярих юм билээ. “Өнөөдөр ч олон жагсаал цуглаан болох
юм. Даанч бидний үеийнх шиг олон хүнийг хамарсан тайван жагсаал алга” хэмээн
бахархацгаана. Үзэсгэлэн даваа гаригийг дуустал үргэлжилнэ.