Нийслэлийн Аялал Жуулчлалын Газраас 2013 оны 12-р сарын 5-нд тус сургалтыг зохион байгууллаа. “Улаанбаатар хотын музей, үзвэрийн газруудын өнөөгийн байдал ба жуулчдын сэтгэгдэл, хэрэгцээ, хандлага”, “Хотын аялал жуулчлалд музейн гүйцэтгэх үүрэг”, “Жуулчинд ээлтэй музейн орчинг бий болгох менежмент”, “Музейн соёлын өвөөрөө бусад орноос юугаараа ялгаатай вэ”, “Музейн маркетингийг хэрхэн хийх вэ” гэсэн сэдвүүдээр сургалт явагдсан бөгөөд сургалтанд УБ хот дахь 11 музейн менежер болон захирлууд оролцлоо. Монголын үндэсний музей, Байгалийн түүхийн музей, Богд хааны ордон музей нь аялал жуулчлалын маршрутанд байнга орсон байдаг бол Занабазарын нэрэмжит дүрслэх урлагийн музей, Чойжин ламын сүм музей нь аяллын хөтөлбөрт өмнөх гурваас арай бага тусгагдсан байдаг. Харин Цэргийн музей, Театрын музей, Хэлмэгдэгсдийн дурсгалд зориулсан музей, Улаанбаатар хотын түүхийн музей зэрэг нь бараг тусгагддаггүй юм байна.
Тус сургалт нь музей болон аялал жуулчлалын салбарыг холбосон анхны сургалт гэдгээрээ онцлог байв. Тийм ч учраас аяллын хөтөлбөрт бараг тусгагддаггүй музейнүүдийн талаар анхаарч, тэдгээр музейнүүдэд аялал жуулчлалын салбарын ажилтнуудыг зочлуулах танилцуулах үйл ажиллагааг зохион байгуулж өгөхийг хүссэн юм. Мөн бусад том музейнүүдийн ажилтнуудыг ч өөрсдийнхөө музейтэйгээ танилцуулахыг хүсэж байгаагаа Цэргийн музей, Жуковын музей, Оюун ухааны музейн захирлууд хэлж байлаа. Ер нь маш олон асуудлууд байгааг хөндсөн бөгөөд зарим нь музейд маркетинг бараг хэрэггүй, тэртээ тэргүй олсон орлогоо улсад тушаадаг, улсын байгууллага учраас илүү дутуу юм хийх шаардлагагүй, эрх мэдэл ч байхгүй, зүгээр л өөрийнхөө гольдролоор явж байхад хангалттай гэх шахуу зүйл ярьж байсан менежерүүд ч байлаа. Манай музейнүүдэд нийтлэг байдаг дутагдал бол өлгүүр ажилладаггүй, тасалбарыг санхүүгийн баримт болгодог, тухайн өдрийн угтагч гэж байхгүй, амрах цэг ховор, ундаа усны үйлчилгээ байхгүй, музейн өөрийнх нь онцлогийг тусгасан бэлэг дурсгалын зүйл байхгүй, үзмэрийнхээ тоос шороог цэвэрлэдэггүй, аяллын хөтөчид найдаад тайлбар хийдэггүй, хүүхдүүд шуугилдаж гүйлдээд байхад зохицуулдаггүй, танхим бүрт маш чухал үзмэрээ онцгойлон байршуулж “брэнд” үзмэр болгон сурталчилдаггүй, ид жуулчны улирлаар чухал үзмэрээ олон улсын үзэсгэлэнд явуулчихдаг, үзмэр баяжуулалт удаан хойрго гэх мэт олон дутагдал бий. Ямартаа ч эдгээр асуудлыг анх удаагаа хөндөж ярьсанд тус сургалтын ач холбогдол оршиж байлаа.
Музейд үзмэр хандивласан хүмүүс болон байгууллагыг алдаршуулан дурсгалын самбар байрлуулах, тэднийг татвараас чөлөөлөх, тэдэнд зориулсан өдөрлөг хөтөлбөрийг зохион байгуулах зэргээс гадна музейн хууль зүйн орчинг сайжруулах шаардлага байгааг дурдаж зарим нэг нь хурцаар шүүмжилж байлаа. Улсын болон хувийн музей гэж ялгаварлан хандахгүй байх, музейн тайлбарыг ауди хэлбэрт шилжүүлэн нэвтрүүлэх, тайлбарлагч нарын ур чадварыг дээшлүүлэх, аяллын хөтөч нарт зориулсан тайлбарын сургалтуудыг музей дээр нь зохион байгуулах зэрэг саналуудыг тавьж байсан юм.