Архитектор Г.Нямцогт: Түүх, соёлын дурсгал дотроос архитекторын дурсгал бол үл хөдлөх түүхийн дурсгал гэдгээрээ чухал байдаг. Манай орны хувьд архитекторын дурсгал багатай. Улаанбаатарын хувьд гэхэд Богд хааны ордон музей, Чойжин ламын сүм музей, Дамбадаржаа, Гандан хийд гэх мэт цөөн тооны үндэсний онцлогийг тусгасан уран барилгын цогцолборууд бий. Эдгээр бүтээлүүд ЮНЕСКО-гийн хамгаалалтанд орох боломжтой. Харин энэ хамгаалалтанд авахад ямар шаардлага байдаг вэ гэхээр хамгаалалтын тодорхой бүстэй байх ёстой. Гэтэл Чойжин ламын сүм музей, Богд хааны ордон музей бүгд хамгаалалтын бүсгүй болтлоо барилгад шахагдчихсан. Монголын түүхийн хосгүй дурсгал, Монголд үлдсэн хааны ганц ордон маань ийнхүү эрх баригчдын замбараагүй газар олголтоос болж өнөөдөр ЮНЕСКО-гийн соёлын өвд бүртгүүлж чадахгүй байгаа. Улаанбаатар хотын хэд хэдэн ерөнхий төлөвлөгөө байдаг. Тэр төлөвлөгөөн дээр арай ч ингэж төлөвлөөгүй байсан ч хэрэгжүүлж чадаагүйгээс өнөөдөр түүх соёлын хосгүй дурсгалаа дэлхийн соёлын өвд бүртгүүлж чадахгүй болчихоод байгаа. Уг нь ЮНЕСКО-д бүртгүүлчихвэл манай орны хувьд аялал жуулчлал болоод соёлын талд сул мөнгө орж ирнэ. Харин хамгаалалтын бүсэд нь барьсан өндөр барилгын эзэд өөрсдөө л баяжна уу гэхээс хажуудаа байгаа түүх соёлын дурсгалыг огтхон ч хайхрахгүй шүү дээ. 1979-1989 оны эхээр Сэлэнгэ аймгийн нутагт орших Амарбаясгалант хийд ЮНЕСКО-гийн соёл дурсгалын өвд орж, төслөөс санхүүжүүлэн сэргээн засварласан. ЮНЕСКО-гоос багагүй хөрөнгө мөнгө гаргаж тус хийдийг сэргээн засварлаж, 1991-1993 онд Гүрдаваа ренбүчи хөрөнгө гаргаж өнгө төрхийг нь шинэчилсэн ч одоо ямар ч тордлогогүй болж, шувууны сангас баасаар дүүрэн, захаасаа нурж эхлэхэд хүрээд байна. Гэтэл Амарбаясгалант хийд маань 1727 онд баригдаж эхэлсэн бөгөөд тухайн үедээ монгол урчууд инженерийн шугам шийдлийг гайхалтайгаар хийснээрээ аргагүй л дэлхийн түүх соёлын өвд багтах учиртай юм. Борооны усыг зайлуулахдаа шалан доогуураа гаргасан нь тухайн үед үнэхээр шинэлэг санаа болж чадсан байдаг. Амарбаясгалант хийдийн өнөөгийн байдалд ССАЖЯ-аас анхаарал тавьж сэргээн засварлалтын зураг төсөл судалгааны ажлыг эхлүүлээд байгаа.
Барилга байгууламжийг түүх дурсгалын үнэт өвд оруулахдаа голлож харах зүйл нь тухайн улс үндэстний түүх соёлын онцлогийг хэрхэн харуулсан байдгийг чухалчилдаг. Манай улсын хувьд буддын сүм хийдүүд ихэвчлэн байдаг. Богдын музей бол Монголын шашин төрийг хослон баригч сүүлчийн эзэн хааны ордон гэдэг утгаараа зайлшгүй орох ёстой. Байшин барилга бол тухайн цаг үеийнхээ түүхийг илтгэж байдаг. Манайд 300 жил болсон барилга ч байна. 100 гаруй жилийн түүхийг өгүүлсэн барилгууд ч байна. Бөхийн өргөөний хажууд манай анхны холбооны байшин одоо хүртэл байна. Холбооны музей болгохоор бид сэргээн засварлаж байсан. Дэмид жанжны байшин, Шастин эмчийн амьдарч байсан байшин гэх мэт түүх өгүүлэх байшингууд бий. Ийм түүхэн дурсгалт байшингууд манайд цөөнгүй боловч ямар ч сэргээн засварлалт хийгдэхгүй, хамгаалалтанд байгаа нэртэй боловч ямар ч хамгаалалт байхгүй орхигдчихсон байдаг. Түүх соёлын дурсгалт өвд бүртгүүлэх гэхээр өнөө л хамгаалалтын бүсгүй болсон учир бүртгэх ямар ч аргагүй болчихсон байдаг.
Орхоны хөндийн цогцолбор газар тэр чигээрээ ЮНЕСКО-гийн түүх соёлын хосгүй дурсгалт өвд багтсан байгаа. Харин сүүлд Гадаад харилцааны яамны барилга, Улсын драмын эрдмийн театр, Дашчойлон хийд гэх мэт барилгуудыг багтаасан. Гэхдээ энэ барилгууд нь заавал монгол үндэстний онцлогийг харуулсан бус монгол архитектор, барилгачдын бүтээл гэдгээрээ орж болно. Мөн анх ямар зориулалттай баригдсан тэр чигээрээ ашиглаж байвал бас л түүх соёлын дурсгалын өвд багтаж болно.
Монгол Улсын зөвлөх архитектор, гавъяат барилгачин Д.Өлзийхишиг: - Гадаад хэргийн яам, Улсын драмын эрдмийн театр бол дэлхийн эртний сонгодог барилгын хэлбэр загварыг Монголд оруулж ирснээрээ онцлог болсон. Гэхдээ дэлхийн шедевр бүтээл бол биш. Монголд сонгодог барилгын хэв загвар орж ирж, дээр нь үндэснийхээ онцлогийг тусгаж өгснөөрөө давуу талтай болсон юм. Драмын театрын баганын толгой дээр морины толгой шигтгэж хийж өгсөн байдаг нь яах аргагүй монгол архитекторын бүтээл гэдгийг нэг талаасаа харуулж байгаа юм. Харин Грек, Ромынх эртний барилгуудад цэцэг навч байдаг зэрэг онцлогтой.
Өнөөдөр дэлхий дээр байгаа 400 жилээс дээш оршин тогтнож байгаа барилгыг дэлхийн шедевр бүтээлүүд гэж үздэг. Ямар ч сайн техник технологитой болсон ч дахин хийж чадахааргүй бүтээлүүд. Түүхийн барилга гэдэг бол тухайн барилгад ямар алдар цуутай хүмүүс ажиллаж амьдарч байсан бэ гэдэг гол үзүүлэлт. Тэр барилга нь хэр зэрэг онцлог сайхан барилга байсан гэдгийг харгалзан үзэж, хойч үедээ үлдээх ёстой юм. Түүнээс бус европ ч биш, ази ч биш байдлаар барьсан барилгыг түүхийн өвд оруулна гэвэл өрөөсгөл. Мөн түүх соёлын барилгыг хамгаалахдаа тойруулаад шинэ барилга байшингаа барьчихдаг дэлхийн жишиг байдаг. Тэгэхээр заавал буулгаж нураах гэхээсээ илүүтэй тойруулаад орчин үеийн барилгаа барих боломж бий.
Монголын архитекторчдын эвлэлийн дэд ерөнхийлөгч, зөвлөх архитектор Д.Бат: Одоо манай Архитекторчдын эвлэлээс Улаанбаатар зочид буудал, Уртцагааны барилгыг түүх соёлын үнэт өвийн жагсаалтад оруулахаар төлөвлөж байгаа. Түүгээр ч барахгүй хот гэдэг өөрийн түүхэн төвтэй байх ёстой. Хамгийн ойрын жишээг хэлэхэд Москвад Улаан талбай, Бээжинд Тань Мины талбай байж л байна. Варшав дэлхийн II дайнд юу ч үгүй бөмбөгдүүлчихсэн. Гэвч тэр талбай дээрээ түүхэн барилгууд гээд манай Уртцагаанаас навтгар байшингуудыг ч тэр хуучин чигээр нь сэргээсэн байгаа. Тэгэхээр манайд Улаанбаатар хотын Бага тойрууг тэр чигээр нь түүхэн төв болгох хэрэгтэй. Учир нь Бага тойруу маань дээр үеийн Өргөө хотын хот байгуулалтын төлөвлөлтөөр баригдсан юм. Үүнийг манай ууган архитекторч Б.Чимэд гуай монгол гэрийн бүтцээр хот төлөвлөлтийг хийсэн нь өдгөөгийн Бага тойруу юм. Иймд зөвхөн ганц нэг барилга гэхээсээ илүүтэй цогцоор нь түүх соёлын үнэт өвд оруулах хэрэгтэй. Улаанбаатар зочид буудал бас л яах аргагүй монгол онцлогийг харуулсан барилга. Дээвэр нь сүм хийдийн онцлогийг тусгасан байдаг. Харин Уртцагааны хувьд бас л монгол архитекторч Б.Дамбийнямын бүтээл. Гаднах байр байдлыг нь харахад ч яах аргагүй дорно дахины шинжийг өгүүлсэн монгол онцлогийг тусгасан байдаг. Хот айлын зарчмаар цуварсан байдалтайгаар, мөн дээвэр дээр байрлах чимэглэл нь, цонхны хэлбэр чимэглэл хаанаас нь ч харсан монгол архитекторын бүтээл юм. Мөн энэ барилгыг хоршоологчдын хөрөнгөөр барьсан Монголын ганцхан обьект. Бага тойруу, 40 мянгатын байшингуудыг нураагаад өнөөх өндөр шилэн барилгуудаа босгочих юм бол үнэхээр Улаанбаатарт хуучны гэх юм үлдэхгүй. Зөвхөн гаднах төрхийг нь хараад нураах хэрэгтэй гэвэл өрөөсгөл. Мэдээж олон жил болсон байшин барилгууд өнгө төрхөө сэргээн засварлах нь зайлшгүй. Гэхдээ заавал нураах зарчмаар биш, бид нарын тавьж байгаа хүсэлт бол гаднах өнгө төрхийг нь яг тэр хэвээр нь үлдээгээд доторх орчноо өөрчилж болно гэж үзэж байгаа. Тэгэхээр одоогоор энэ хоёр барилгыг үнэт өвийн жагсаалтанд оруулахаар бэлтгэж байгаа ч хамгаалалтын бүсээс гадна дор хаяж 50 жилийн түүхтэй байх ёстой гэсэн нэг шаардлага байдаг. Иймд архитекторчдын хувьд цаг хугацааны асуудал хүлээгдэж байна. Гэтэл гаднын орнууд түүх соёлын байшин барилгуудаа авч үлдэхийн тулд сэргээн засварлаж, бүр нурсан бол яг тэр хэвээр нь дахин барьж байна. Энэ мэтээр хуучны юмаа сэргээх хэрэгтэй. Манайхан сүүлийн үед бас нэг муу аргатай болоод байгаа. Хувьчилж байна нэртэйгээр өгөөд түүхийн дурсгалт барилгуудыг юу ч биш болгож байна. Дашчойлон хийдийн хойд хавиар Богдын шар ордон, цам харайх газар нь байсан байгаа юм. Энэ газар тэдгээр барилга байшингуудыг сэргээн засварлах хэрэгтэй байсан ч Гаалийн газар аль хэдийнэ барилгаа барьчихсан. Хэрвээ хуучны барилгуудаа нураах юм бол үзэх юм байхгүй, хойч үедээ ч үлдээх юм байхгүй болно. Бидний сайн мэддэг Ленинград буюу одоогийн Санктпетербург хотод шатаагаагүй тоосгоор барьсан 100 гаруй жилийн түүхтэй барилга байж л байна шүү дээ. Уртцагааны барилгын хувьд монгол архитекторын бүтээл гэдэг утгаараа нураах бус сэргээн засварлах нь чухал. Миний бодлоор, нийслэлд байгаа түүх өгүүлж буй хуучны хэдэн барилгуудыг газар хөдлөлт хэмээх өчүүхэн шалтгаар нураахыг л санаархаж байгаа байх гэж бодож байна. Тэгэхээр эхний ээлжинд бид нар Улаанбаатар зочид буудал болон Уртцагааны барилгыг, мөн түүхэн төвийн хувьд монгол гэрийн бүтцээр тойрог маягаар баригдсан Бага тойрууг Азийн архитекторын үнэт өвд багтаахаар төлөвлөөд байгаа.