Одон орон, геофизикийн судалгааны төв буюу Хүрэл тогоотод шинжлэх ухааны өдрийн хүрээнд нээлттэй хаалганы өдрийг зарлан олон нийтэд байгууллагынхаа үйл ажиллагааг сурталчлахаар төлөвлөжээ. Зайсангийн урдуур буюу “Скай резорт” цанын бааз руу явах замаар явж байгаад зүүн гар тийшээ салаад явахад Хүрэл тогоотод төвөггүй хүрээд очих юм. Уулан дээр байдаг болохоор ой мод ихтэй, агаар нь цэнгэг, нам гүм газар бий. Бөмбөгөр оройтой хоёр давхар шар байшинд эрдэм шинэжилгээний ажилтнууд байрлаж, судалгаагаа хийдэг ажээ. Дэргэд нь байх байшин бол зорьж очсон хүмүүс байрлан хоноглодог зочид буудал юм. Эрдэм шинжилгээний ажилтнуудын байранд одон орон, сансар огторгуйн зургуудыг өлгөсөн байдаг. Гариг эрхэс хэрхэн байрладгаас эхлээд огторгуй ертөнцийн талаар анхан шатны ойлголтыг авч болохоор ажээ. Хүрэл тогоотыг зорьж ирсэн хүмүүсийг эндхийн эрдэм шинжилгээний ажилтнууд хүлээж аваад зургуудаа үзүүлэн лекцээ эхлүүлдэг юм байна. Сансар огторгуйн талаар анхан шатны мэдлэг олгосон лекцийн дараа орчин тойронтой танилцуулдаг ажээ. Анх байгуулагдах үедээ Оросоос худалдан авч байсан дурангууд, одоо ямар техникийг хэрхэн ашиглаж байгаа тухай гэх мэт. 1957 оны дурангуудаас зарим нь музейд тавих болтлоо хуучирсан бол хэрэглээнээс гарах болоогүй “өндөр настай” нь ч бий ажээ. Хүрэл тогоотын эрдэм шинжилгээний төв анх 1957 онд байгуулагджээ. Анх 3-4 төрлийн дурантай, цомхон бүтэцтэй байсан бол өнөөдөр 20 гаруй дурантай болсон байна. Байгуулагдаж байх үед авч байсан зарим дурангаа одоо хэр нь хэрэглэдэг ажээ. Саяхан Оросоос шинэ дуран худалдан авчээ. Оросууд дуран худалдаж авбал өөрсдөө хүрч ирээд угсраад, ашиглахад бэлэн болгож өгдөг аж. Шинэ дуран нь “Genon” брэндийнх бөгөөд Оросын Генада гэх эрмэдтэн шинээр бага гариг нээсэн учраас түүний нэрийг мөнхжүүлэхээр нэрнийх нь эхний үсгээр эхэлсэн брэндтэй болсон нь “Genon” ажээ. Харин манай эрдэм шинжилгээний ажилтнууд тавь гаруй жилийн хугацаанд ажиглалт хийх явцдаа шинээр бага гариг нээж байгаагүй ч байх магадлалтай зүйлс ажиглаад Орос руу шинжлүүлэхээр явуулж байсан тохиолдол бий гэсэн.
Өмнө нь тус төв уртраг, өргөрөг, нар, бага гариг судлал гээд олон салбар хэлтэстэй байсан бол өнөөдөр астронометр геодинамик, нар гэх хоёр сэдвээр судалгаа хийж байгаа юм байна. Нээлттэй хаалганы өдрөөр захиалга өгсөн Ерөнхий боловсролын сургуулийн хүүхдүүд, их дээд сургуулийн оюутнууд, байгууллага хамт олныг хүлээн авч үйлчилжээ. Нэг дурангаар харахын тулд байр руу нь 15-18 хүн зэрэг орж болох ба өдрийн цагаар од болон бага гариг харах боломжгүй юм байна. Харин дулаан цагт өдөр нар харж болдог ч хүйтрэхээр дуран дээр суурилагдсан компъютер нь гацаад байдаг ажээ. Гэвч цаасан нүдний шилээр нар харах боломжтой гэнэ. Цаасан нүдний шилээр нар руу харвал хурц гэрэл нь багасаад, тод харагддаг ажээ. Бидний нэрлэж заншсан нарны цацрагийн титэм гэдэг бөгөөд ийм шилтэй үед титэм маш тод харагдана. Гэхдээ нарны маш олон давхаргын зөвхөн хамгийн гадна талынхыг харах л зориулалттай ажээ. Дурангаар харахад нар ямар долгион дээр байгаагаасаа хамаарч харилцан адилгүй харагддаг гэсэн. Заримдаа тув тунгалаг бол, хар хар толботой цоохортож харагдах үе ч бий ажээ. Ийм цаасан шилийг Францад үйлдвэрлэдэг. Өндрөөрөө бараг гурван метр хүрэхээр тийм том дурангаар бага гариг, од, сансрын хог хаягдлыг ажигладаг ажээ. Сансрын хог хаягдал гэдэг нь сансарт байгаа хиймэл дагуул, сансрын хөлгүүдийн ажиглалтын явцад эвдэрч, гэмтэхэд үүдэн гарсан техникийн гаралтай биетийг хэлдэг юм байна. Ийм хог хаягдал сансарт жилээс жилд нэмэгдэж байгаа гэж байв. Захим томоохон хаягдал жингүүдэж яваад бусад хиймэл дагуулаа гэмтээх зэрэг тохиолдол ч гардаг ажээ. Хүрэл тогоотод хүмүүс голдуу харанхуй болсон хойно, цэлмэг тэнгэртэй үед ирвэл тохиромжтой юм байна. Өвлийн улиралд эрт гэгээ тасардаг болохоор 19.00-20.00 цагт ирж болох боловч бүрхэг, үүлтэй шөнө юу ч харагддаггүй ажээ. Мөн сар ямар хэлбэртэй байх нь харагдах орчинд нөлөөлдөг юм байна. Тэргэл сартай үед агаар мандал гэрэл ихтэй учраас бүтэн сарны гэрэл хэт их гэгээ өгөөд бусад од, гариг эрхсийг харахад саад болдог гэнэ. Харин хавирган сартайд буюу шинийн 3-10-нд, 20-28-ны өдрүүдэд тэнгэр цэлмэг бол ямар нэгэн саадгүй байдаг ажээ. Мөн ямар улиралд, хэдэн цаг вэ гэдгээс шалтгаалан гариг эрхэс янз бүр харагддаг байна. Жишээ нь өвөл Бархасбадь, Ангараг хоёр тод ажиглагддаг бол зун Санчир, Сугар, Буд бусдаасаа илүү харагддаг.
Ирсэн хүмүүс эндээ байрлах бол 20-30 хүн хүлээж авах хүчин чадалтай амралтын байртай. Хоёр хүний ортой өрөө 45 мянга, дөрвөн хүнийх бол 65 мянга, зургаан хүнийх нь 80 мянга төгрөгийн үнэтэй юм байна. Харин ганц хориглодог зүйл нь архи, дарс уух явдал. Согтууруулах ундаа хэрэглэсэн хүн дурангаар од харъя гэвэл дуран нь цантаад юу ч харагддаггүй ажээ. Хүрэл тогоотод очиж, сансар огторгуйтай танилцах хүсэлтэй хүмүүс хэзээ ч очиж болно гэнэ. Од, бага гаригуудыг дурандахыг хүсвэл Одон орон, геофизикийн судалгааны төвийн 458849, 453683 дугаарын утас руу утасдаж урьдчилан мэдэгдсэн байх шаардлагатай. Өмнө нь мэдэгдвэл эрдэм шинжилгээний ажилтан тайлбар хийх боломжтой гэнэ. Одон оронг дурандан харахад нэг хүний долоон мянган төгрөгийн төлбөр авдаг юм байна.