Соёлын биет бус өвийг хамгаалах ЮНЕСКО-гийн Засгийн газар хоорондын ээлжит VIII хуралдаан Азербайжаны нийслэл Бакуд энэ сарын 2-нд эхэлсэн юм. 2003 оны Соёлын биет бус өвийг хамгаалах тухай конвенцийн 157 гишүүн оролцож буй уг хуралдаанд манай улсаас ЮНЕСКО-гийн Монголын үндэсний комиссын Ерөнхий нарийн бичгийн дарга Г.Жаргалсайхан тэргүүтэй төлөөлөгчид оролцож байна. Энэ сарын 7 хүртэл үргэлжлэх тус хуралдаанаар ЮНЕСКО-гийн хүн төрөлхтний соёлын биет бус өвийн төлөөллийн жагсаалтад манай улсаас нэр дэвшүүлсэн “Монгол гэрийн уламжлалт урлал, зан үйл” өвийг хэлэлцэнэ.
Харин ЮНЕСКО-гийн Яаралтай хамгаалах шаардлагатай соёлын биет бус өвийн жагсаалтад нэр дэвшсэн монгол түмний бичиг үсгийн гайхамшгийг илтгэх “Монгол уран бичлэг”-ийг удирдах хорооны 24 гишүүн орон хүн төрөлхтний соёлын өв хэмээн санал нэгтэйгээр баталж, өчигдөр албан ёсоор ЮНЕСКО-д бүртгэлээ. Яаралтай хамгаалах шаардлагатай соёлын биет бус өвийн жагсаалтад олон улсын соёлын биет бус 11 өв нэр дэвшиж, тивүүдийн төлөөлөл болох Монгол Улс, Азербайжан, Гватемал, Уганда улсын өв бүртгэгджээ.
Дашрамд дурдахад, Монголын уран бичлэг манай улсаас тус жагсаалтад бүртгэгдсэн тав дахь өв болж байгаа. Өмнө нь Монгол тууль, Монгол ардын бүжгийн урлаг, бий биелгээ, Монгол цуур хөгжмийн уламжлалт урлаг, Монгол лимбэчдийн уртын дуу хөгжимдөх уламжлалт арга барил битүү амьсгаа зэрэг өв бүртгэгдсэн юм.