Монголын түүх, соёлын хосгүй үнэт дурсгалууд

 

 

Соёлын өвийг хамгаалах тухай хуулинд түүх, соёлын дурсгалт зүйлийг түүх, соёл, шинжлэх ухааны ач холбогдлоор нь хосгүй үнэт, үнэт, ердийн гэсэн 3 зэрэглэлд ангилах тухай заасан байдаг. Боловсрол, соёл, шинжлэх ухааны яамны дэргэдэх түүх, соёлын дурсгалыг зэрэглэлийг тодорхойлох Мэргэжлийн зөвлөл нь Соёлын өвийн төвийн улсын нэгдсэн бүртгэл- мэдээллийн санд бүртгэгдсэн түүх, соёлын дурсгалуудаас сонгон, хосгүй үнэт, үнэт зэрэглэлд хамруулах тухай асуудлыг зохион байгуулдаг юм. Түүх, соёлын дурсгалт зүйлийн түүхэнд эзлэх байр суурь, дахин давтагдашгүй ур хийц, бүтээсэн буюу холбогдох он цаг, тухайн бүтээл нь ганц хувь эсвэл маш ховор эсэх, монголын түүхийн нэгэн үеийн төлөөлөл болж чадахуйц түүхэн биет хүний холбогдолтой эд зүйлс зэрэг шалгуураар зэрэглэлийг тогтоодог. Хосгүй үнэт зэрэглэлд түүх, археологийн ховор нандин олдвор, цутгуур баримал, танка зураг, зээгт наамал, цаасан шуумал зэрэг дүрслэх урлагийн бүтээлүүд, түүхэн бие хүний холбогдолтой эд өлгийн зүйлс, палеонтологийн олдвор болон байгалийн ховор дээжис зэрэг төрөл зүйлийн дурсгалууд байна. Эдгээр дурсгалуудад монголд төдийгүй олон улсад нэрд гарсан Хүннүгийн үеийн эсгий ширмэл ширдэг, алтан эдлэл, Түрэгийн үеийн хааны титэм зэрэг алт, мөнгөн эдлэл, Хархорум хотын тууриас олдсон XIII зууны үеийн “Гэр тэрэгний цөн”, “Монгол цэргийн ялтсан гутал” (Монголын үндэсний музей) зэрэг түүх, археологийн дурсгалууд, өндөр гэгээн Занабазарын урлан бүтээсэн “Очирдара” Гандантэгчэнлин хийд), “Язгуурын таван бурхан” (Дүрслэх урлагийн музей, Чойжин ламын сүм музей), “Ногоон дара эх”, “21 Дара эх”-ийн (Богд хааны ордон музей) гайхамшигт цутгуур барималууд, монгол урчууд дархчуулын алт, мөнгөөр бүтээсэн “Сандуйн жүд” судар (Үндэсний номын сан), эртний ном судар, бурханы танка зураг, өнгийн торго хоргой, эрдэнийн чулуу шигтгэн урласан ур тансаг хийцтэй зээгт наамал зэрэг шашны урлагийн бүтээлүүд, Анхдугаар Богд Өндөр гэгээн Занабазараас VIII богдод уламжлагдан ирсэн хувцас, эд зүйлс, VIII Богд хаан түүний хатны төрийн ёслолын хувцас хунар, говийн догшин ноён хутагт Данзанравжаагийн эдэлж хэрэглэж байсан зүйлс зэрэг түүхэн бие хүний холбогдолтой эд зүйлс, палеонтологийн ховор олдвор “Хоёр үлэг гүрвэлийн зууралдсан хэлхээ яс” (Палеонтологийн музей), монгол нутгаас олдсон хамгийн том хэмжээний ногоон хаш чулуу (Байгалийн түүхийн музей) зэрэг олон арван бүтээл, ховор олдворууд хамрагджээ. Хосгүй үнэт дурсгал нь дараах газруудад хадгалагдаж байна. Богд хааны ордон музейд 72, Чойжин ламын сүм музейд 12, Дүрслэх урлагийн музей 68, Үндэсний түүхийн музейд 16, Байгалийн түүхийн музейд 8, Эрдэнэ зуу сүм музейд 59, Монголын үндэсний номын санд 10, Эрдэнэсийн санд 5, Гандантэгчэнлин хийдэд 13, ШУА-ийн Түүхийн хүрээлэнд 1, ШУА-ийн Палеонтологийн хүрээлэнд 1, Өвөрхангай аймгийн Шанхийн Баруун хүрээ хийдэд 7, Өвөрхангай аймгийн Төвхөн хийдэд 1, Дорноговь аймаг Данзанравжаагийн музейд тус тус хадгалагдаж байна.