Б.Даваацэрэн - Биет соёлын өвийг хамгаалах хэлтсийн мэргэжилтэн
Соёлт хүн төрөлхтний ахуй амьдралдаа өргөн хэрэглэж ирсэн хөдөлмөрийн багаж зэвсгийн дотор хутга чухал байр суурь эзэлнэ. Хутга нь аливаа зүйлийг огтлох, таслах хэрэгцээ шаардлагын үүднээс үүсч бий болжээ. Археологийн хэрэглэгдэхүүнээс харахад өнөөгийн монгол нутагт аж төрж байсан эртний хүмүүс дунд чулуун зэвсгийн үед болхи хийцтэй хутга хэлбэрийн зэвсгийг чулуугаар үйлдэж ахуй амьдралдаа хэрэглэж байсан ажээ. Шинэ чулуун зэвсгийн үед хүмүүс хас, цахиурын төрлийн чулууг сайтар засаж хутга үйлдэж байснаас гадна яс, мод зэргийн нэг талд нимгэн хурц иртэй жижиг чулуунуудыг эгнүүлэн зуулгаж хутга болгон ашиглаж байжээ. Эртний хүмүүс байгаль дээрээс хүрлийг гарган авч ахуй амьдралдаа хэрэглэх болсноор хутганы үүрэг зориулалт, хэлбэр хийцэд томоохон өөрчлөлт орсон байна. Тухайлбал, чулуун зэвсгийн үед хутгыг аж ахуйн цомхон хүрээнд хэрэглэж байсан бол хүрэл зэвсгийн үед аж ахуй, дайн байлдаан, гоёл чимэглэлийн зэрэг зориулалтаар ашиглах болжээ. Манай улсын томоохон музейн (улс, аймгийн чанартай) сан хөмрөгт хүрэл зэвсгийн үед бүтээгдсэн 130 гаруй хүрэл хутга хадгалагдаж байна. Эдгээрийн дийлэнх олонхи нь түүвэр байдлаар олдсон бол багахан хувь нь археологийн малтлага судалгааны үр дүнд илэрч олджээ. Эдгээр хүрэл хутгануудыг ерөнхий хэлбэр төрхөөр нь
- бөгтөр мөртэй, тэгш үзүүртэй
- бөгтөр мөртэй ээтэн үзүүртэй
- шулуун мөр, үзүүртэйи гэж 3 хуваадаг байна.
Зарим судлаачид манай улсаас олдоод байгаа хүрэл хутгыг 10 гаруй төрөл болгон авч үздэг тохиолдол ч бий. Ихэнх судлаачид дээр дурдсан 3 хэлбэрт хамаарах хүрэл хутгуудын холбогдох он цагийг өмнөд Сибирийн Карасукийн соёл дахь хутгуудтай ижилсэх төлөвтэйг тэмдэглэн НТӨ XI-IIIY зуунд хамаатуулж байна. Манай улсын аймгуудын музейд байгаа хүрэл хутганы ишний хоёр талд элдэв төрлийн хээ болон амьтны дүрсийг товойлгон болон хонхойлгож гарган чимэглэсэн нь түгээмэл байдаг. Мөн толтинд нь дан болон хос цагирган сэнж гаргахаас гадна амьтны толгой, эвэр угалз гаргаж чимэглэсэн байдаг.