Гаалийн байцаагч нар эрэлч нохдынхоо олж илрүүлсэн зүйлсээр үзэсгэлэн гаргажээ

Гаалийн ерөнхий газрын дэргэдэх хөдөлгөөнт хяналтын сургалтын төвийн нээлттэй хаалганы өдөрлөг боллоо. Тус төв нь анх 1993 онд албаны дарга, сургагч багш, долоон сонсогч нийт есөн хүний бүрэлдэхүүнтэйгээр үйл ажиллагаа эхэлж байсан бол 10 жилийн хугацаанд өнөр өтгөн, амжилт арвинтай хамт олон болж төрийн тусгай үйл ажиллагааг нэр төртэй гүйцэтгэж байгаа аж. Өдгөө гаалийн хөдөлгөөнт хяналтын албаны нийт 15 гаалийн газар хороодод 32 эрэлч нохой ажил үүрэг гүйцэтгэдэг байна. Гаалийн албаны эрэлч нохойн гүйцэтгэх үүрэг нь Монгол Улсын хилээр нэвтрүүлэхийг хориглосон болон хязгаарласан бараа, эд зүйлс, хар тамхи мансууруулах бодисыг олж илрүүлэхэд чиглэддэг бөгөөд эрэлч нохойн олж илрүүлсэн бараа, эд зүйлсээр үзэсгэлэн гаргасан нь тус өдөрлөгийн нэг онцлог болжээ. Үзэсгэлэнд хил гаалиар нууцаар нэвтрүүлэхийг завдсан ангийн арьс ноос ноолуур, эртний эдлэл тэргүүтэн эд зүйлс дэлгэгджээ. Тухайлбал, ойн хүрэн баавгай, саарал чоно, цоохор ирвэс зэргийн элдсэн арьсыг эрэлч ноход үнэрээр нь хөөн олжээ. Тус төвийн гаалийн байцаагч нар эрэлч нохдынхоо тусламжтайгаар сүүлийн гурван жилд эрүүгийн болон захиргааны шинжтэй 486 зөрчил илрүүлжээ. Нийт илрүүлсэн зөрчлийн 80 орчим хувь нь ангийн арьс, ноос ноолуур байсан бол 20 гаруй хувь нь архи дарс, мансууруулах эм бодис, түүхий мах, эртний эд зүйлс байжээ. Мөн тус албаныхан сүүлийн гурван жилийн хугацаанд зөрчил илрүүлж, хураасан барааны үнийн дүн болох 400 сая гаруй төгрөгийг улсын төсөвт татан төвлөрүүлжээ.