Музейн шилдэг эскиз зургийг гурван сая төгрөгөөр шагнана

Соёл спорт, аялал жуулчлал яам “Монголын Үндэсний Археологийн Музей”-г Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд байгуулахаар төлөвлөж байгаа билээ. Гэсэн ч тус музейн барилгын зураг төслийг энэ онд багтаан хийлгэх шаардлагатай аж. Тиймээс ССАЖЯ-ны зүгээс тус археологийн музейн барилга, байгууламжийн эскиз, орчны зураг төслийг шалгаруулах нээлттэй уралдаан зарлалаа. Уралдаанд ирүүлсэн бүтээлийг 2013 оны арваннэгдүгээр сарын 12-ноос арванхоёрдугаар сарын 11-нийг хүртэл нэг сарын хугацаанд хүлээж авч шалгаруулах гэнэ. Уралдааны ялагч арванхоёрдугаар сарын 16-ны өдөр тодрох юм байна. Чулуун зэвсгийн үеэс эзэнт гүрний үе хүртэлх Монгол Улсын археологийн ховор олдворуудыг зургаан танхимд бүлэглэн байршуулах ерөнхий төлөвлөгөөнд нийцүүлсэн эскиз зураг шаардлагатай байгааг Ц.Оюунгэрэл сайд онцлов. Мөн тус уралдааны шагналын сан нь боломжийн гэж мэдэгдэв. Тухайлбал, нэгдүгээр байр гурван сая төгрөг, хоёрдугаар байр хоёр сая төгрөг, гуравдугаар байр нэг сая төгрөг аж. Шалгарсан бүтээлүүдийг мэргэжлийн зураг төслийн багт хүлээлгэн өгөх ба загваруудыг харьцуулан нэгтгэж эцсийн зураг төслийг гаргах юм байна. Мөн эхний гурван байрт орсон бүтээлийг зохиогчдод нь буцаан олгохгүй бол уралдаанд ирүүлсэн бусад бүтээлийг зохиогч нь хүсвэл буцаан авч болох гэнэ. Энэхүү уралдаан нь ССАЖЯ-наас музейн эскиз зураг гаргах уралдааны эхнийх нь бөгөөд энэ ондоо багтаан Дүрслэх Урлагийн шинэ музей, Угсаатны Зүйн музейн аялал жуулчлалын цогцолбор гэсэн гурван музейн концепцыг бэлэн болгож эскиз уралдаан зарлах аж. Уралдаанд оролцохыг хүсэгчид ССАЖЯ-ны 307 тоотод материалаа өгөх ба 88101818, 310068 дугаарын утсаар харилцах боломжтой. Уралдааны дэлгэрэнгүй мэдээлэл, “Монголын Үндэсний Археологийн Музей”-н концепцыг англи, монгол хэлээр ССАЖЯ-ны цахим хуудаснаас авч болно.