Хэнтий аймгийн төв Өндөрхааныг Чингэс хот болгон зарлалаа. Тус аймгийн ИТХ
анх удаа нээлттэй хуралдаж ийм шийдвэр гаргасан байна. Хэнтий аймгийн ИТХ
шонхорыг үндэсний бахархалт шувуу, Бурхан Халдуныг үндэсний бахархалт
хайрханаар зарласантай холбоотойгоор хүндэтгэлийн хуралдаан зохион байгуулжээ. Энэ
үеэр Хэнтий аймгийн Хэрлэн сумыг Чингэс хот болгох төслийг аймгийн ИТХ-аар
хэлэлцүүлж, иргэдийнхээ санал сэтгэгдлийг сонссон байна. Ингээд хурлын төлөөлөгчдийн
100 хувийн саналаар Чингэс хот болгох тогтоолыг гаргажээ. Монгол Улсын Үндсэн
хуулийн 62 дугаар зүйлийн 62.1 дэх хэсэг, Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн
нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1, 24.2 дахь хэсэг, 25
дугаар зүйлийн 25.1 дэх хэсгийг тус тус үндэслэн Хэрлэн сумын иргэдээс авсан
санал асуулгын дүн, Хэрлэн сумын ИТХ-ын гуравдугаар хуралдааны IV тогтоолоор
ирүүлсэн саналыг аймгийн ИТХ нээлттэй хэлэлцэж, Өндөрхаан хотыг “Чингэс” хэмээн
нэрлэх тогтоол гаргалаа. Энэ хуралдаанаар Хэрлэн сумыг Өндөрхаан сум гэж
нэрийдэхээр шийдсэн иргэдийн саналыг Засгийн газарт өргөн мэдүүлж, УИХ-аар
батлуулахаар болсон байна.