Хаант Оросын тагнуул И.Я.Коростовецийн хөшөөг улсын мөнгөөр барина гэдэг нь эмгэнэл....

Архивын ерөнхий газрын дэд дарга, түүхийн ухааны доктор Д.Өлзийбаатар: Нийслэлийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн тогтоолоор Нийслэл хүрээн дэх Оросын бүрэн эрх барих сайд асан Иван Яковлевич Коростецид зориулж 84 сая төгрөгөөр хөшөө барих болсон байна. Энэ хүн Монголын түүхэнд ямар үүрэг гүйцэтгэсэн юм бол? Хөшөө дурсгал босгоход олон нийтийн санал бодлыг авах ёстой. Коростовец гэдэг хүнийх нь хувьд аваад үзвэл хөшөө босгох хэмжээний гавьяатан биш. Энэ хүний оролцоотойгоор Монгол Улс Манжийн дарлалаас чөлөөлөгдсөн гэж ярих хүн байдаг. Оросын Гадаад явдлын яамны сайд Сазанов Богд хаант Монгол Улсын Засгийн газартай хэлэлцээ хийх Хаант Оросын бүрэн эрхт төлөөлөгч Коростовецид 1912 оны наймдугаар сарын 23-нд илгээсэн заавартаа Хаант Оросоос Монголд явуулах бодлогыг “Манай хязгаартай хил дэрлэх энэ мужид цэргийн хүчтэй улс байгуулахгүй байхыг эрмэлзэх явдал” хэмээн тодорхойлсон байдаг. 1905, 1907 онд Японд алдсан эрх нөлөөгөө Орос улс эргүүлж авахын тулд улс төрийн эрх чөлөөгөө дөнгөж олоод байсан Монгол Улсыг өөрийн эдийн засаг, худалдаа, геополтитикийг хамгаалсан ашиг сонирхлын бүс, түшиц газар болгохыг эрмэлзсэн.

-Орос-Монголын Найрамдлын гэрээ гэгч байгуулагдсаны дараахан Нийслэл хүрээн дэх Оросын бүрэн эрх барих сайд Иван Яковлевич Коростовец өөрийн Гадаад яаманд бичсэн цахилгаан утсандаа “Халхчууд ба ер нь Гадаад Монгол тусгаарлаж байгаа хэрэг явдалтай Хятадын Засгийн газар эвлэрэхээс өөр аргагүй бөгөөд харин ард иргэд нь нууцаар халх руу тэмүүлж Их Хүрээний анхны дохиогоор Хятадаас салж одоход бэлэн байгаа Өвөрмонголыг гартаа барьж байх явдалд л хятад хүчээ тавьж байвал болох юм. Монгол нь зөвхөн үндэсний аж байдал, ёс заншил, соёлын талаар нэгдэх боломжгүй болохыг нэг бус удаа сануулж, улс төрийн талаар нэгдэхэд сэтгэл ханах хэрэгтэй гэж би монголчуудад зөвлөсөн” хэмээжээ. И.Я.Коростовец бол Оросын цагаан хааны бодлогыг хэрэгжүүлэгч, томоохон тагнуул байснаас Монгол Улсын эрх ашгийг өчүүхэн төдий ч бодож байсан хүн биш. Монголын ашигт малтмалыг нээн ашиглах, хилээр гаалийн татваргүй нэвтрэх гээд Оросын худалдааны эрх ашгийг л хамгаалсан гэрээг манайд тулгасан хүн.

Коростовецийг Хаант Оросын тагнуул байсан хүн гэлээ. Энэ талаар ямар баримт байдаг юм бол?

-“Бидний хамгийн гол, хамгийн ухаалаг, хэрсүү өрсөлдөгч болох Да лам бол хээл хахуульд үл автах, шулуун шударга, хартай хашир хүн. Сайн ноён хан Намнансүрэн ухаалаг боловч хашир болгоомжтой, эрс шийдэмгий бус зан чанартай.  Түшээт хан богино бодолтой. Намсрай хуучныг баримтлагч, бөөрөнхий үзэлтэн, Хутагтын дотнын анд. Далай ван өөдгүй новш мөн боловч бидний талыг илэрхий баримтлагч. Бинт ван, Шанзав ламтан, Тогтох нар нэлээд нэр нөлөөтэй” гэх мэтээр Коростовец Монголын ихэс дээдсийг дүгнэн цаашаа мэдээлж байсан байдаг. 1912 оны Орос-Монголын гэрээ байгуулагдсанаар хэдийгээр манай улсад түүхэн ач холбогдолтой гэж ойлгогдож болох ч нийт монгол үндэстний язгуур эрх ашигт хор нөлөө үзүүлсэн. Өвөр Монгол, Монгол Улс, Урианхайн хязгаарыг нэгдэхийг Коростовец хэзээ ч хүлээн зөвшөөрч байгаагүй. Да лам Цэрэнчимэд ясны эх оронч хүн байсан болохоор Монгол үндэстнээ нэгэн туурга дээвэр доор байлгах талаар энэ орос ноёнтой олонтаа тулж, хэрэлдэж хэлцсэн байдаг.

- Да ламын авчирч өргөн барьсан монголчуудын язгуур эрх ашгийг дээдэлсэн саналыг шалан дээр шидэж, дэвсэлж байсан хүн. Сайн ноён хан Т.Намнансүрэн “Да лам Цэрэнчимэд бол таны бодож байгаа шиг муу хүн биш ээ. Энэ хүн бол ганцхан дутагдалтай. Тэр нь Монгол Улсаа л тусгаар оршихын төлөө л санаа бодолтой хүн” гэж Коростовецид хэлсэн байдаг. Монголын Засгийн газрын Дотоод яамны сайд Да лам Цэрэнчимэд “Блюнчлигийн олон улсын эрх зүйн онолыг баримтлан энэ хэлэлцээрийн үр дүнд Монгол Улс эзэн хаан, нутаг орон, хүн ардтайгаа үлдэнэ” хэмээн И.Я.Коростовецаас шаардсан байдаг. Да лам Цэрэнчимэд баруун хязгаарт явж байгаад учир битүүлгээр нас барсан, Чин ван Ханддорж, Бинт ван Гончигсүрэн нарыг Японтой холбоо тогтоох гээд явахад Хайлаараас буцаан авчирч амь нас нь эрсдэлд ороход Коростовецийн нөлөө орсон байх магадлалтай гэж үздэг. Монгол Улсын Ерөнхий сайдын орлогч, нийт Өвөрмонголчуудын төлөөллийн тэргүүн эгнээнд байсан Бинт Чин ван Гончигсүрэнг гадуурхан “миний хамгийн том дайсан”, “да ламын холбоотон” “өөдгүй муу амьтан” хэмээн нүд үзүүрлэж байсан төдийгүй улмаар түүнийг үдэж өгөх цайллагад тэрээр хор ууж үхсэн нь нэн сэжигтэй. Монголын тусгаар тогтнолын төлөө санаа, зориг шулуудан Нийслэл хүрээнд ирээд байсан ах дүү Өвөрмонголын ноёд, халхын ноёдын хооронд яс хаяж тэднийг “Бээжингийн тагнуул” хэмээн цуу тарааж маш эвтэй байсан Засгийн газрын сайд ноёдыг хооронд нь эвдрэлцүүлж эхэлсэн явдал И.Я.Коростовецтой холбоотой.

-Түүнийг анх ирэхэд Монголын Засгийн газар ихээхэн итгэл найдвар тавьж байсан ч хэлэлцээрийн явцад хүчээр тулгасан гэрээ нь Монголчуудын хувьд ямар ч ашиггүй, зөвхөн оросуудын эрх ашигт л нийцсэн гэрээ болсон юм. Уг гэрээгээр Монголчууд хэрчигдэн хуваагдах үүд нээгдэж, ах дүү Барга, Өвөрмонгол, Тагна Урианхай хилийн гадна үлдэж, эв нэгдэлтэй байсан Монголын Засгийн газрынхан өөр хоорондоо үл итгэлцэж, тусгаар тогтнолын хэрэгт зүтгэснээрээ “хятадын тагнуул”, “өөдгүй новш”, “увайгүй амьтан” хэмээх нэр хочийг зүүх болсон. Түүгээр зогсохгүй энэ гэрээгээр 1913 онд Бээжинд Орос, Дундад иргэн улс Монголын асуудлаар гэрээ байгуулан Монголын улс төрийн эрхийг Хятадад худалдаж, түүнийг Монголчууд эсэргүүцсэн тул 1915 оны Хиагтын буюу гурван улсын гэрээгээр Монголыг оролцуулан “Автономит Монгол” хэмээх улсын статусыг хүчээр тулган хүлээлгэсэн. Богд хаан Хиагтын гэрээг “Шүлстэй нулимуур” гэж нэрлэсэн байдаг. Яг үнэнийг хэлэхэд Хиагтын гэрээ бол улс орноо бодсон ямар ч монгол хүнд шүлсний нулимуур байлаа. Хиагтын гэрээгээр 1911 оны тусгаар тогтнолын үйл хэрэг мөхөж, өвөрмонголчуудыг чөлөөлөх дайн амжилттай явагдаж байсан ч гэнэт Монголын цэрэг татагдах болсон, Монголд сууж байсан Өвөрмонголчуудыг хөөн гаргаж, олон Монголыг хэрчин хувааж, газар нутгийн хувьд үүрд хагацуулсан зэрэг гашуун үнэний эх суурь 1912 оны гэрээнээс хамааралтай. Коростовец Монголын түүхэнд ийм л мөр үлдээсэн хүн. Монгол Улсын 1911 оны Үндэсний эрх чөлөөний удирдагч Богд хаандаа хөшөө босгоогүй байж, Монгол үндэстэн угсаатныг Орос-Хятад хоёр их гүрэнд хуваан зууш болгосон хүнд, татвар төлөгчдийн өчнөөн олон сая төгрөгөөр хөшөөг нь босгоно гэдэг байж боломгүй үзэгдэл. Тэрний оронд Богд хаант Монгол Улсын анхны таван сайдын хөшөөг босгосон дээр.