Нийслэлийн аялал жуулчлалын газар, Аялал жуулчлалын Guide төв хамтран зохион байгуулж буй Хөтөч тайлбарлагч бэлтгэх сургалтын 46 дугаар элсэлтийн хамт олон хичээлийн хөтөлбөрт тусгасан байсан “Улаанбаатар хотыг жуулчинд ээлтэй болгох нь” сэдэвт нээлттэй семинарт амжилттай оролцлоо. Семинарын зорилго нь хөтөч тайлбарлагч болохоор суралцаж буй залуусыг Монголын аялал жуулчлалын салбарыг таньж мэдэх, УБ хотын аялал жуулчлалыг хөгжүүлэхэд бодит санаа сэдэв дэвшүүлэх, хүлээсэн үүрэгтээ ажил хэрэгч хандах, аливаа зүйлийн үнэ цэнэ, ач холбогдлыг ойлгож сурах, хичээл сургалтын чанар, үр дүнг улам дээшлүүлэх зорилготой.
Семинарын үеэр “УБ хотын аялал жуулчлалын уриа”, “УБ хот дахь Жуулчны гудамж”, “УБ хотоор аялах маршрут”, “УБ хотын бас нэгэн содон зүйл”, “УБ хот дахь жуулчинд халгаатай асуудал” зэрэг сэдвүүдээр элсэгчид өрсөлдсөн бөгөөд маш идэвхтэй, бүтээлчээр оролцлоо.
Багууд хотын урианд “Ulterior in beauty”, “Discover, Dream, Destination UB”, “Experience cultural differences in UB” зэрэг үг өгүүлбэрүүдийг дэвшүүлсэн бөгөөд яагаад ингэж дэвшүүлснээ тайлбарлав.
Нэгдүгээр багийнхан “Жуулчны гудамж” хэмээх асуудалд Цагаан давааны чимээгүй хотын орчинд 50 га газарт гудамж байгуулах санааг дэвшүүлж, монголчуудын шүтэж ирсэн домог түүх агуулсан шүтлэг бишрэлийн бүхий л хөшөөний хуулбарыг нэгэн дор бүтээн босгож цэцэрлэгт хүрээлэн байгуулах санал дэвшүүлэв. Хоёрдугаар багийнхан “Бага тойруу” гудамжийг дэвшүүлээд энэ гудамжны урд хойд үзүүрт “Жуулчны мэдээллийн төв”, гадаад валют солих газар, алт мөнгөн эдлэлийн дэлгүүр, торгон үндэсний хувцасны дэлгүүрүүд, Цэцэг гэх мэт бэлэг дурсгалын дэлгүүр, жуулчдад таатай орчин бүхий кафе ресторанууд байрлахаас гадна тус гудамжаас жуулчдын үзэх дуртай музей гэх мэт үзвэрийн газрууд ойрхон хэмээх санал дэвшүүлэв. Гуравдугаар багийнхан Гандан хийдийн өмнөх доош уруудсан гудамжийг “Жуулчны гудамж” болгоход хамгийн ирээдүйтэй хэмээн үзлээ. Гандан хийд өөрөө жуулчны урсгалтай газар бөгөөд урдах замын 2 талаар жуулчинд зориулагдсан үйлчилгээний газруудыг байгуулж, одоогийн шашны эд зүйлсийн дэлгүүрүүд, өмнөх ногоон байгууламжийг ашиглан улам өргөжүүлэн тэлэх боломжтой хэмээн үзэв.
Жуулчны маршрут сэдэв дээр Нэгдүгээр багийнхан “Гэр хорооллоос орчин үеийн баячуудын хороолол хүртэл” сэдэвтэй маршрутыг танилцуулав. Тус маршрутанд гэр хорооллын жирийн нэгэн айлын амьдралтай танилцах, тэнд хооллохоос гадна монгол гэр урлах жижиг үйлдвэрлэлтэй танилцуулж, УБ хивсний үйлдвэрт ноосыг хэрхэн орчин үеийн технологоор боловсруулж байгааг, гадаадын дэвшилтэт технологи, техникийг бүрэн хангасан АПУ компанитай танилцуулж, “Мишээл ЕХРО” төвд монголын орчин үеийн бүхий л төрлийн үйлдвэрлэл, бүтээгдэхүүнтэй танилцуулах, “Нүхтийн ам”-нд байх баячуудын хороолол, чөлөөт цагаа өнгөрүүлэх төвүүдтэй танилцуулах тухай санал дэвшүүлэв.
Гуравдугаар багийнхан “Баруун дөрвөн замаас Зүүн дөрвөн зам хүртэл” хэмээх аяллын маршрут санал болголоо. Төв зам дагуу байрлах үзвэр үйлчилгээний газруудыг танилцуулж, Офицеруудын ордон, Дандар баатарын хөшөө, Бөхийн өргөө, УБ хотын музей, Тусгаар тогтнолын ордон, УБ хотын шав тавьсан газрын Мэлхийт хөшөө, Сүхбаатарын талбай, Монголын үндэсний музей, Төв шуудан, Улсын их дэлгүүр, Гандантэгчинлэн хийд зэргээр газарчилж, нийслэлчүүдийн хооллох дуртай Зочин бууз кафе зэргээр ороод гарах санал дэвшүүлэв.
УБ хотын бас нэгэн түүхт үзмэр номинаци-д Гуравдугаар багийнхан Өргөө кинотеатрын өмнөх гудамжинд байрлах Чингүнжавын хөшөөг танилцуулсан бол, Дөрөвдүгээр багийнхан одоогийн Дашчойлин хийд ба Аса циркийн барилга хэрхэн холбогдох тухай түүхийг танилцууллаа. Харин Нэгдүгээр багийнхан “Элбэг амгалант гацаа буюу Маймаа хот”-ын тухай, тэр хотоос үлдэж хоцорсон Дарь эхийн сүмээс үлдсэн 2 багана, Номтын пүүсийн хашаа, хашааны гадна байх ганц улиас мод, Жанжин клубын байшин, замын урд байрлах “Хувьсгалын анхны долоогийн хөшөө, тэдний унаж явсан морьдын хөшөө”, Д.Сүхбаатарын төрсөн газарт босгосон овоо, дэргэд нь байгуулсан Д.Сүхбаатарын боржин чулуун хөшөө бүхий цэцэрлэгт хүрээлэн, дотор нь байх чулуун арслангууд зэргийг танилцууллаа. Хоёрдугаар багийнхан Сүхбаатарын талбайн урдах цэцэрлэгт байх “Энх тайвны хонх”-ны утга учир, яагаад байгуулсан, одоо ямар зан үйл хийдэг тухай танилцууллаа.
УБ хотын жуулчинд халгаатай асуудал сэдвийн хүрээнд Нэгдүгээр багийнхан “Нийслэл хотын хаягжилтын соёл”-ын тухай хөндлөө. Үйлчилгээний газруудын нэр хаяг стандартгүй янз бүр байхаас гадна утгын хувьд буруу байдаг тухай хөндлөө. Гадаадын жуулчинд ойлгомж муутай хаягнууд их байдаг, мөн хотын өнгө үзэмжийг гутаасан зүйлүүдийг танилцууллаа. Гандаж муудсан, урагдаж салбарсан том том самбаруудын тухай ч хөндлөө. Гуравдугаар багийнхан өвөл зунгүй өнгөө алдахгүй байдаг ногоон байгууламж дутмаг, гудамжны сандал, хогны асуудал, гудамжинд хэвтэх архичин хүмүүс, гуйлга гуйдаг хүүхдүүд нь хотын өнгө үзэмжинд сөрөг нөлөө үзүүлдэг тухай хөндлөө. Харин Дөрөвдүгээр багийнхан гудамжинд хогоо, шүлсээ, тамхины ишээ хаядаг залуучууд, байшингийн булан тохойд бие засдаг эрчүүд нь хотын өнгө үзэмжийг гутааж байгаа тухай ярьсан бол Нэгдүгээр багийнхан нийтийн тээврийн үйлчилгээ, зогсоолын дэг журам, зогсоолын ариун цэврийн асуудлыг хөндсөн юм. Тэгээд энэ бүх асуудлыг шийдэх цорын ганц арга зам нь иргэдийн ухамсрыг дээшлүүлэх, ЕБС дахь сургалтуудыг сайжруулах, эцэг эхийг боловсруулах асуудал юм гэцгээв.