Суулгасан мод, сөөгний суулгац болон зүлгийг хүн, машин, малын хөлд гишгэгдэхээс хамгаалж хайс, хашаа хамгаалалт хийх, явган хүний зам гаргах зэргээр сайн хамгаалсан байх шаардлагатай. Газар хөлдөхөөс өмнө суулгасан модны суулгацыг ханатал усалж хөлдөхөөс хамгаалж цас тогтоох арга хэмжээ авсан байна. Хугарсан, гэмтсэн, мөчир найлзуурыг хурц хутга, мөчир тайрагч хайчаар эгц огтолж тэр хэсэгт тосон будаг түрхэж хамгаалдаг. Зарим (улиас, хайлаас, бургас) мод, сөөгний титэмийн жигд өсөлт, гадаад үзэмжийг харгалзан хавар эрт, намар орой хэлбэржүүлж засч танах, хатсан мөчрийг авч хаях, шинээр салаалсан хажуугийн мөчрийг тайрч үндэслүүлэх зэрэг арчилгааг хийж байвал зохино. Модны гол иш нарны төөнөлтөнд түлэгдэж гэмтэхээс хамгаалах зорилгоор шохойн уусмалаар будсан байх ёстой.