“Денвер” амьтаны хүрээлэнд монгол тасыг суурьшуулжээ

АНУ-ын Колорадо мужид орших “Денвер” амьтны хүрээлэнд Монголоос авчирсан саарал тасыг суурьшуулжээ. Тус улсын амьтан судлаачдын баг 2010 оны наймдугаар сард Монгол орон даяар аялж, саарал тасны талаар судалгаа явуулсан байна. Тухайн үед Дорноговь аймгийн нутаг дахь Их нарт дархан цаазат газраас далавч нь гэмтсэн зулзаган эм тасыг олжээ. Тэрхүү тас өрөөсөн далавч нь хугарч, бараг үхэх гэж байсан учраас шинжээчдийн баг асрамжлан, нутагтаа аваачжээ. Улмаар 2012 оны долдугаар сард “Денвер”-ийн амьтны хүрээлэнд шилжүүлсэн аж. Багийнхан түүнд “Азтай” хэмээх нэр хайрлажээ. “Азтай”-гийн бие нь бүрэн эдгэсэн ч зүүн далавчийг нь тайрсан учраас нисэх чадваргүй болсон байна. Тэрээр шинэ орчиндоо сайн дасч байгаа талаар “Денвер” амьтаны хүрээлэнгийн фэйсбүүкээр мэдээлсэн юм. Түүнийг тус хүрээлэнгийн хуучин барилга болох “Pachyder” дотор байрлуулсан байна. “Азтай” нь Денверийн амьтны хүрээлэнд манай улсаас аваачсан анхны саарал тас болж байгаа юм. Уг төрөл нь Евроазийн өлгий нутгаар суурьшан амьдардаг ч тоо толгой эрс цөөрсөн гэдэг. Тиймээс саарал тасын хувьд Монгол Улс бараг сүүлчийн өлгий нутаг нь болоод байна. Ийм ч учраас амьтны хүрээлэнгийнхэн ихэд олзуурхаж байгаа талаар Америкийн хэвлэлд онцолжээ.