Нийслэлийн өдрийг тохиолдуулан Соёл урлагийн их сургуулиас санаачлан нийслэлийн Засаг даргын Тамгын газар, Чингэлтэй дүүргийн Засаг даргын Тамгын газартай хамтран “Хотын гудамж – Миний нутаг” өдөрлөгийг Анкарагийн гудамжинд өчигдөр /СУИС-ийн зүүн урд уулзвараас Зоос гоёл ХХК-ны баруун урд уулзвар/ зохион байгууллаа. Өдөрлөгт нийслэл, дүүргийн удирдлагууд, СУИС-ийн захирал Э.Сонинтогос болон СУИС-ийн үе үеийн төгсөгчид, оюутнууд, Анкара гудамжинд үйл ажиллагаа явуулдаг аж ахуйн нэгжийн ажилчид болон нийслэлийн иргэд оролцлоо. Нийслэлийн гудамжинд анх удаа зохион байгуулагдсан тус өдөрлөгөөр хүрэлцэн ирсэн нийслэлчүүддээ зориулан СУИС-ийн үе үеийн төгсөгчид, оюутнууд урлагийн тоглолтоор бэлэг барьсан бол үлээвэр найрал хөгжмийн хамтлагаар удирдуулсан Анкарагийн гудамжинд үйл ажиллагаа эрхэлдэг аж ахуйн нэгжийн ажилчид ёслолын парад хийсэн. Өдөрлөгийг нээж нийслэлийн Засаг дарга хэлсэн үгэндээ “Хотын гудамж бол миний нутаг. Манай нийслэлчүүд гудамжинд нь хог хаявал гэрт нь хог хаяж байгаа шиг, гудамжийг нь муухай болгочихвол гэрийг нь муухай болгосон юм шиг хотынхоо гудамж, тохижилтод сэтгэл гаргаж, санаа тавьдаг болсон. Тиймээс бид цаашдаа Улаанбаатар хотоо улам сайхан болгохын төлөө ажиллах болно” гэж онцлон хэллээ.