Мазаалайн тооллогыг 1960-аад оноос тоолдог болсон ба тооны хувьд 15-35 мазаалай байна гэж үзэж байсан. 2005 онд анх Биологийн хүрээлэн, ТББ-ууд, их сургуулиудын эрдэмтэд хамтран мазаалайн тооллого хийж, мазаалайн үсний дээжээс нь авч АНУ-ын Байгалийн шинжлэлийн лабораторид шинжилгээнд оруулсан. Тэр судалгаагаар тооны хувьд доод тал нь 22 буюу түүнээс дээш байх магадлалтай байна гэсэн үр дүн гарчээ. Үүнийг мазаалайн нэмэлт тэжээлийн цэг, Баянбүрд булаг шандууд дээр тавьсан автомат камерын судалгаа баталж байгаа ажээ. Одоо яг баталгаатай тоогоор бол 22 байгаагаас 14 нь эр, 8 нь эм байгаа бөгөөд өсөж үржих магадлал өндөр үзүүлэлт гэнэ. Мазаалайн эрийг шармаахай, эмийг нь эвш гэдэг. Мазаалайн ороо тавдугаар сарын сүүлчээс зургадугаар сард явагдаж, хээлтэй эвш нь дараа жилийн хавар хоёрдугаар сард төрдөг. Төрөхдөө 1-2 бамбарууш төрүүлнэ. Судлаачид мазаалайн ичдэг газар автомат камер байрлуулснаар тэжээлийн цэг дээр хоёр эм эвш тус бүр ихэр бамбарууш дагуулж ирснийг тэмдэглэжээ. Ямар ч байсан энэ жил баттай тоогоор мазаалайн бүл дөрвөөр нэмэгдсэн байна. Хавар, намрын улиралд баавгай ичээндээ орохдоо тарга тэвээрэг сайн авах нь чухал ба ингэхийн тулд нэмэлт тэжээлийг хавар намарт өгөх нь баавгай ичээлэх, үр төл сайн өгөхөд ихээхэн нөлөө үзүүлнэ. Тарга муу авсан эм эвш ихэр бамбарууш төрүүлэх байсан бол нэг бамбарууш төрүүлэх гэх мэт үржлийн тал дээр сөрөг нөлөөтэй. Мазаалайг өсгөж үржүүлэхийн тулд эхний ээлжинд амьдрах орчныг нь тордож сайжруулах хэрэгтэй ажээ. НҮБ-ын суурин төлөөлөгчийн газар, Байгаль орчин, ногоон хөгжлийн яам хамтраад мазаалай хамгаалах урт хугацааны стратеги төлөвлөлт зохиож, мазаалай холимог идэштэн учраас идэш тэжээлийн гол ургамал болох бажууна, хармагийн ургалтыг нэмэгдүүлэх, мазаалайг байгаль дээр зөнгөөр нь орхивол устах аюулд орох учраас хамгаалах тал дээр анхаарч ажиллахаар төлөвлөжээ. Эхний ээлжинд мазаалайг хамгаалах хууль эрх зүйн орчныг боловсронгуй болгох нөхцөлийг сайжруулах нь зүйтэй гэж үзжээ. Тэжээл, тэжээлийн сав бэлтгэх ажил энэ онд хийхээр тусгагдаж, “Үндэсний бахархал мазаалай” ТББ нь Улаанбаатар хотоос Баянтооройд тэжээл хүргэх ажил хийж эхэлжээ. Энэ онд нийт 15 тн тэжээл хүргэгдэхээс одоо 12 тн хүргэгдсэн байна. Сүүлийн үед уур амьсгалын хуурайшилтаас шалтгаалан хатаж ширгэж буй Баруун тооройн булаг, Хөтөл усны газар зэрэгт булаг, шанд сэргээхэд анхаарч байгаа ажээ. Нэмэлт тэжээлийг хавар ичээнээс гарах үеэр гуравдугаар сарын эхэн үеэр шуурганд хийсч үрэгдэхээс сэргийлэн тосгуур бүхий төмөр чингэлэгт хийж тавьж өгдөг. Мазаалай амьдарч байгаа “Говийн их дархан цаазат газар”-т хамгаалалтын алба ажиллуулж, хэр зэрэг тунадас орсон талаар мэдээлэл авдаг байна. Энэ сарын 15-ны байдлаар 20 мм хур тунадас орсон байна. Олон жилийн дундаж хур тунадас нь 57 мм байдаг. Энэ жилийн хувьд бороо бага орсон учраас мазаалайн гол иддэг тэхээл бажууна ургамал нь бараг ургаагүй байна гэсэн мэдээлэл иржээ. Мазаалай Алтайн өвөр говьд, Говийн их дархан цаазат газрын “А” хэсэгт Атас Ингэс, Шар хулст, Цагаан богд түүний салбар уулсуудаар тархан амьдарч байна. Мазаалай тодорхой орон зай, цаг хугацааны байдлаас хамааран тогтмол нүүдэлдэггүй. Идэш тэжээлийнхэнэ голлох ургамал болох бажууна болон хармагийн жимс ургасан газруудыг дамжин шилжилт хөдөлгөөн хийж амьдардаг ажээ.