Монголын язгуур урлаг дэлхийн аварга боллоо

 

Монгол хүний авьяас чадамжийг дэлхийн тавцанд гайхуулж, алтан соёмбот далбаагаа өндөрт мандуулсан бас нэгэн баярт үйл явдал болжээ. Наймдугаар сарын 23-31-нд Болгар улсын Нессебар хотноо зохиогдсон язгуур урлагийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд Монгол улсаа төлөөлөн оролцсон “Домог” чуулга тэмцээний Гран при шагналыг хүртэн, дэлхийн язгуур урлагийн үнэмлэхүй аварга цолны эзэн боллоо. “Домог” чуулгын бүрэлдэхүүнд ардын хөгжмийн “Домог” хамтлагийн уран бүтээлчдээс гадна бүжигчид, уртын дуучид, уран нугараач багтжээ. Түүнчлэн “Домог” хамтлагийнхан дангаараа дан хөгжмийн төрөлд өрсөлдөн дэлхийн аваргын болзол ханган эртний Грекийн домогт гардаг хөгжмийн бурхан Орфюзийн дүрс бүхий алтан цомыг гардав. Харин тэмцээнд үзүүлсэн зургаан удаагийн тоглолтыг найруулан тавьсан төрийн шагналт Д.Сосорбарамд Дэлхийн язгуур урлагийн академиас маэстро цол олгохоор шийдвэрлэжээ. Язгуур урлагийн дэлхийн аварга шалгаруулах энэхүү тэмцээнийг Ардын урлагийн наадмуудын дэлхийн ассоциаци, Ардын урлагийн наадмуудын Европын  ассоциаци, Дэлхийн язгуур урлагийн академиас ЮНЕСКО-гийн дэмжлэг дор зохион байгуулсан байна. Гурав дахь удаагаа зохион байгуулсан уг тэмцээнд 24 орны 98 хамтлаг оролцжээ.