Mongolia Bike Challenge-2013

Монгол Улсаар овоглосон олон улсын дугуйн уралдаан энэ жил дөрөв дэх жилдээ болж өнгөрлөө.  “Mongolian Expeditions” компаниас жил бүр зохион байгуулдаг тус уралдаан энэ жил “Genco Mongolia Bike Challenge-2013” нэртэй болсон бөгөөд ерөнхий ивээн тэтгэгчээр “Genco Tour Bureau” компани ажиллажээ.  Дэлхийн дугуйчдын хувьд хүлээлт үүсгэх болсон тус уралдаан наймдугаар сарын 31-нээс есдүгээр сарын 7-ны хооронд үргэлжиллээ. Уралдааны нээлт 8-р сарын 31-нд Цонжин Болдог дахь Чингисийн морьт хөшөө цогцолборт болж, тамирчид есдүгээр сарын 1-нд гараагаа хийж, 7-ны өдөр Төв аймгийн Эрдэнэ сумын нутаг дахь “Genco Tour Bureau” компанийн “XIII зуун” цогцолборт барианд орсон юм. Энэ жилийн уралдаанд 24 орны 108 дугуйчин оролцохоор мэдүүлсэн бөгөөд уламжлал ёсоор хаан, спортсмен, мастер-1, мастер-2, ахмадын, эмэгтэйчүүдийн болон тандем буюу хос дугуй гэсэн долоон ангилалд өрсөлдөж, нийт долоон гарааны туршид 850 км замыг туулсан байна. Түүнчлэн зохион байгуулагчдын зүгээс уралдааныг сонирхолтой болгох үүднээс энэ жил багийн төрлийг шинээр нэмсэн байна. Энэ төрөлд гурван тамирчны бүрэлдэхүүнтэй есөн орны баг тамирчид өрсөлджээ. Уралдааны хамгийн сонирхолтой ангилал болох мэргэжлийн дугуйчдын ХААН ангилалд 40 шилдэг дугуйчид өрсөлдсөний дотор “Mongolia Bike Challenge-2012” уралдааны аварга, Канадын дугуйч Кори Уоллос, Японы топ дугуйчдын нэг Коизуки Такэ, Испанийн шилдэг триатлонч Марсел Замора нарын шилдгүүд багтжээ. Уралдааныг дэлхийн дугуйн спортын топ сайтууд болох Cyclingnews.com болон Pinkbike.com сайтууд онлайнаар шууд түгээсэн байна. Уралдааны үеэр мөн Испанийн хэвлэл мэдээллийн томоохон агентлаг болох “MEDIASET” Монголын нүүдэлчдийн ахуй амьдралын талаар баримтат кино хийх бичлэг хийжээ. Уралдааны талаарх дэлгэрэнгүй мэдээллийг Mongoliabikechallenge.com сайтаас авч болох юм байна.