Дорноговьд монголын хоёр дахь Эрдэнэт баригдаж эхэлжээ. Эрдэнэтийг 1970-аад онд оросууд барьж байсан бол энэ удаа монголчуудын 100%-ийн хөрөнгө оруулалтаар жилдээ 300 мянган тонн зэсийн баяжмал гаргах үйлдвэр баригдаж байна. Эрдэнэт жилд 450 мянган тонн зэсийн баяжмал үйлдвэрлэдэг гэхээр түүний 70%-тай тэнцэх хэмжээний том үйлдвэр говьд босч байна гэсэн үг.
Дорноговийн уулын баяжуулах үйлдвэрийн газар шорооны ажил эхэлж ил уурхайн тоног төхөөрөмжийн угсралтын ажил хийгдэж байна. Эрдэнэт үйлдвэрт байдаг шиг Белаз машин 10 байгаагийн 4-ийг монгол залуус угсарчээ. Хүч чадлаараа Эрдэнэтийн белазнуудаас нэг дахин илүү ажээ. Эрдэнэтийнх 120 тн даацтай бол “Монголын алт” компаний оруулж ирсэн белаз 220 тн даацтай юм байна. Нэг бүрийн үнэ нь 1.8 тэрбум төгрөг гэнэ. Мөн энэ үйлдвэр Азид ганц экскаватортой. Үйлдвэрлэгдээд жил ч болоогүй байхад нь өнгөрсөн жил оруулж иржээ. Нэг хутгахдаа 40 тонныг багтаадаг ковштой энэ техник 6 тэрбум төгрөгийн үнэтэй аж. Ил уурхайд хэрэглэх тоног төхөөрөмжийг хүлээн авч дуусаад одоо угсрах ажил хийгдэж байна. Баяжуулах үйлдвэр ашиглалтад ороход ил уурхай хөрсөө хуулсан, доод тал нь сая тонн хүдэр бэлдчихсэн байх ёстой гэнэ. Ил уурхайн ажил баяжуулах үйлдвэрээс 2 жилийн өмнө бэлтгэл хангасан байх ёстой учраас ажлаа эхэлчихээд байгаа ажээ. Баяжуулах үйлдвэрээ хурдан хугацаанд ашиглалтад оруулахын тулд 4800 хятад ажилчин оруулж ирэх зөвшөөрөл хүссэн ч 2400 хүн оруулж ирэх зөвшөөрөл авчээ. Монголчуудад баяжуулах үйлдвэр барих туршлага байхгүй учраас хятад ажилчид оруулж ирэх гэж байгаа аж. Баяжуулах үйлдвэрийн технологийн процесс нь Эрдэнэт, Оюутолгойтой адилхан юм. Анхан шатны бутлуураас хүдрийн агуулах, хүдрийн агуулахаас нунтаглах тээрэм, тээрмээс хөвүүлэн баяжуулах хэсэг гэсэн дараалалтай. Үйлдвэр ашиглалтад орохоор 1200 хүн ээлжийн горимоор 24 цаг тасралтгүй ажиллах гэнэ. Ажилтнуудаа гадаад, дотоодын сургууль, МСҮТ-үүдэд бэлдээд эхэлжээ. Дорноговийн баяжуулах үйлдвэр 18 жил ажиллах юм байна.
Усныхаа 80%-ийг Оюутолгой шиг эргэж ашиглах гэнэ. Үйлдвэрт ашиглах усаа ордоос 16 км-т байрлах Нарангийн хөндийгөөс татахаар болжээ. Эрчим хүчээ түр хугацаанд Оюутолгойгоос авах гэнэ. Цаашид эрчим хүчний асуудлаа шийдэхээр Өмнөговь руу шугам татах ажлаа эхлүүлэхэд бэлэн болжээ. Бүтээн байгуулалтын хүрээнд онгоцны буудал, ажилчдын байр зэргийг барихаар төлөвлөжээ. Энэхүү зэс молибдений Цагаан суваргын орд нь 250 сая тонн төмрийн хүдрийн нөөцтэй ба Монгол улсын стратегийн чухал ач холбогдолтой 15 орд газарт багтдаг юм байна.