Сэлэнгэ аймгийн байгаль орчны болон аялал жуулчлалын хариуцлагатнуудын анхааралд

Сэлэнгэ аймгийн Шаамар суманд Тужийн нарсыг захлан хайлаас бургасан дунд ургасан хэсэг нарсны нэгийг Ээж мод хэмээн нутгийн олон эрт дээр үеэс шүтэж иржээ. Ээж модонд ирсэн хүн бүхэн “Сайн ханьтай учруулж өгөөч, үр хүүхэд хайрлаач, гадаадад ажиллаж байгаа хүүгээ таньд даатгая, байр сууц, машин унаатай болгож өгөөч” гэхчилэн гуйхгүй зүйл байхгүй. Энэхүү ээж мод уг нь нарс мод ажээ. Нарс модны холтос шар өнгөтэй байдаг бол энэ мод цагаан өнгийн холтостой болжээ. Цацсан сүүний өнгөнд будагдаж, дээр нь хөгц мөөгөнцөр ургаж, тос даагаад аагим халуун наранд эсвэл өчүүхэн төдий цогонд гал авалцан асахаар аюултай байдал үүсчээ. Гашилсан сүүний эхүүн үнэр, арц хүжний нялуун үнэртэй нийлээд тийм гэхийн аргагүй хамраа дараад хурдан холдмоор эвгүй агаар ханхална. Ойр хавийн бүх модонд өнгө өнгийн хадагнаас гадна дээлийн торгыг хүртэл хийсэж унахаас сэргийлэн бат бөх гэгч уяж зангиджээ. Ёроолоор нь архины шил, ундааны сав, ногоон цай, шар цагаан будаа хөглөрч хогон овоо босчээ. Борооны дараах мөөг шиг олширсон бөө удганууд Ээж модонд шавь, хамаатан саднаа дагуулан ирж бөөн хадаг яндар зүүж, шил шилээр нь архи цацчихаад явдаг болжээ. Бөөгийн мод хэмээх хадганд хүлүүлсэн моднууд ч эргэн тойронд нь олширсон байна. Хадагтай моднууд мөчрөөсөө эхлэн хувхайрсаар ургахаа больж хатдаг ажээ. Ээж модны хажууд жижигхэн байшин барьж нэг харуул суулгажээ. Энэ байшингийн эзэн нь Сэлэнгэ аймгийн Шаамар суманд үр тариа, хүнсний ногоо тариалдаг “Ундрагч” гэх компани ажээ. Энд ирсэн машин бүрээс 500 төгрөгний хураамж авдаг аж. Өдөрт дунджаар 300 машин пиг дүүрэн хүнтэй ирдэг гэнэ. Хүн бүр хадаг, сүү, архи, арц хүж, шар цагаан будаатай ирнэ. Өдөрт 300 машинаас 150 мянган төгрөг, сард 1.5 сая төгрөг зөвхөн хураамжаас цугларна. Түүнээс гадна жижиг байшиндаа самбай хадаг, атга будаа, аяга сүү, арц хүж гээд өргөлд хэрэгтэй бүхнийг 2000 төгрөгөөр зардаг бизнес цэцэглүүлсэн байна. Ундрагч компани 6 жил ийнхүү хураамж авч, бизнес цэцэглүүлсэн хэрнээ Ээж мод, ойр хавийн орчныг цэвэрлэх, тохижуулах талаар юу ч хийсэнгүй. Машинтай хүмүүс тал бүрээс нь зам гаргаж газрын хөрсийг улаанаар нь эргүүлж байхад олон салаа зам үүсгэхгүй байх тал дээр ямар ч арга хэмжээ авсангүй. Зөвхөн Ээж модыг шүтэж бишрэх хүмүүсийн сэтгэлээр мөнгө олох бизнес хийгээд л сууж байна. Хамарын хийд, Дэмчогийн хийд, Амарбаясгалант хийд гээд монголчуудын сүслэн мөргөдөг, сүү архи өргөдөг газрууд олон буй. Тэнд өргөл мөргөл дэг журамтайгаар хийгддэг. Харж хамгаалж байгаа эзэд нь шаардлага тавьдаг, хүмүүс ч хэлснийг нь биелүүлдэг.  Ээж модонд нүүрлэсэн энэхүү гамшигийг Сэлэнгэ аймгийн байгаль орчны болон аялал жуулчлалын хариуцлагатнууд анхааралдаа авч арга хэмжээ аваасай.