Монгол Улсын ерөнхийлөгч Цахиагийн Элбэгдоржийн ивээл дор хэрэгжиж буй хөгжил дэвшил, сэргэн мандалтын бэлгэ тэмдэг Их Майдар бурханы бүтээн байгуулалтанд сүсэгтэн олон та бид гар бие оролцох боломж бүрдээд байна. Өндөр гэгээн Занабазарын урласан Майдар бурхан эдүгээ цагт эв нэгдэл, энэрэл хайрын бэлгэдэл болон залран ирлээ. 2013 онд 54м өндөр Майдар бурхан бүтээгдэж, 2014 онд 108 метр өндөр суварган байгууламжийг ашиглалтанд оруулахаар төслийн баг ажиллаж байна. Их Майдар цогцолбор нь УБ хотоос 45 км зайтай, Төв аймгийн Сэргэлэн сумын нутагт Богд хан уулын өвөрт Өгөөмөрийн аманд Зүрх хэмээх уулын энгэрт байрлаж хойч үедээ боловсрол, танин мэдэхүй, соён гэгээрүүлэх, амралт аялал жуулчлалын чиглэлээр үйл ажиллагаа явуулна.
Энэхүү бүтээн байгуулалтанд хүн бүр өөрийн хувь нэмрээр оролцож ирээдүйг даах буянаа хураах боломж нээлттэй. Эл үндэсний бүтээн байгуулалтанд гэр бүлээрээ оролцож, хандив өргөн, буян хураасан өрх гэрт зориулж Их Майдар бурханы жижиг хувилбар буюу 27 см өндөр хос бурхан тусгайлан бүтээж сүншиглэн амилуулах ажээ. Хос бурханы нэг хувийг цогцолборын хойморт залж, таны гэр бүлийн нэрийг сийлж, буян заяаг тань хэдэн үеэр нь даан хадгалах юм байна. Нөгөө хувийг нь хандив өргөсөн гэр бүлд үлдээж өргөө гэртээ залан үеийн үед хадгалан тахих боломжийг өгөх аж. Нийт 108 мянган Майдар бурхан бүтээж цогцолборт залах буюу тооны хязгаартай тул төсөлд оролцох ховорхон боломжийг ашиглах саналыг сүсэгтэн олонд хүргэж байгаа юм байна.
Их Майдар бурханы арын суварга нь Сүншиглэсэн суварган байгууламж, 108 мянган Майдар бурхан байрлах хэсэг, Боловсрол танин мэдэхүйн орчин, Бясалгал, амирлахуйн нам гүм орчин, Мөнх ногоон эко орчин, Амралт үйлчилгээний хэсэг, Мод цэцэгс үржүүлэх хэсэг, Ногоон экспо, Олон нийтийг хүлээн авах хэсэг, Техникийн давхар гэсэн 10 үндсэн давхар байгууламжаас бүрдэх юм. 2015 он гэхэд Төв аймгийн Зуунмод хотыг дайрах 4 эгнээ хурдны зам ашиглалтанд орж дуусах аж. Мөн олон улсын нисэх онгоцны нисэх буудал баригдаж дуусна гэх мэт олон ажлууд Их Майдар цогцолборын эргэн тойронд өрнөж байна.