УДБЭТ-ын 51 дэх улирлын үзвэрийн нээлт ирэх сарын 5-нд болох гэж байна. Энэ жил тус театрынхан үндэсний дуурь, балетаа олны хүртээл болгон алдаршуулахыг зорьжээ. Өнөө жил Төрийн шагналт, хөгжмийн зохиолч Б.Шаравын “Чингис хаан” дууриар нээхээр болсон байна. Хоёр бүлэг, зургаан үзэгдэл бүхий энэ дуурийг анх 2005 онд УГЗ Л.Эрдэнэбулган найруулснаар тайзнаа тавьж байжээ. Бага балчир насандаа өнчирч үлдсэн ч дэлхийг байлдан дагуулсан Чингис хааны тухай өгүүлэх энэ дуурийн цомнолыг Ардын уран зохиолч П.Бадарч бичжээ. Харин Улсын драмын эрдмийн театр хүүхдийн зохиолч Д.Содномдоржийн 1957 онд зохиосон “Норовын намтар” бэсрэг найраглалыг сургамжит драмын жүжиг болгон тавьж байна.