Говийн зэрлэг амьтадыг агаараас тоолжээ. Ан амьтадыг тоолох, нягтшил, тархалтыг тогтоох олон арга бий. Эдгээрээс хамгийн өндөр нарийвчлалтай, зардал их шаарддаг арга бол агаараас тоолох. Амьтадыг тоолоход үргэлж дайжихгүй, давхардаж тоологдохгүй гээд давуу тал олон. Өмнийн говийн зэрлэг тууртан амьтадын тооллого судалгааг өнгөрсөн 6-7 дугаар сард хийжээ. Өмнөговь, Дорноговь, Дундговь аймгийн 11 сумын нутаг дэвсгэр буюу ойролцоогоор 150 000 ам дөрвөлжин талбайг хамруулсан байна. Гол зорилго нь хулангийн тархалт, тоо толгойг тогтоох. Товчхоноор хэлбэл судалгааны талбайн хэмжээнд шулуун шугамын дагуу онгоцоор нисч, гэрэл зураг авч, дулаан мэдрэх бичлэг хийх бөгөөд үүгээрээ амьтадыг таньж тодорхойлон тоолох. Дулаан мэдрэнэ гэдэг нь амьтнаас ялгарах дулааныг агаараас мэднэ гэсэн үг. Нийт талбайн хэмжээнд хойноос урагш чиглэлтэй 122 шулуун шугамын дагуу нисч бодит дүрсний дижитал зураг болон хэт улаан туяаны дүрс бичлэг хийжээ. Шулуун хоорондын зай 5 км, нийт урт 30.000 км, онгоцны нисэх өндөр ойролцоогоор 420 метр, нисэх хурд 230 км/цаг байсан. Бодит дүрсний зургийг 7360 4912 пиксел буюу 2.5 см нягтралтайгаар Nikon D00E аппаратаар, 16 см пиксел бүхий хэт улаан туяаны дүрсийг FLIR P640 аппарат ашиглан авч Оюу Толгой дахь 35 терабит мэдээллийн санд хуулж байршуулжээ. Мэдээллийн санд оруулсан зураг бүрийг компьютерийн программ ашиглан шүүлтүүрдэж, орчин тойрноос ялгаатай температур илэрсэн цэгүүдийг нэг бүрчлэн шалгах аргаар тооллого явуулж байна. Гэрэл зургуудаас амьтадыг ялгаж таних, тоолох ажлыг Оюу Толгой компаний ажилтнууд, Зэрлэг амьтан хамгаалах нийгэмлэг, МУИС-ийн оюутнууд хамтран профессор Ховардын зааварчилгаагаар гүйцэтгэж байгаа аж. Авсан гэрэл зургийн мэдээллийн баазыг ашиглаад олон төрлийн зэрлэг амьтадын тоо толгой, үржил, мал, малчид болоод дэд бүтэц, төв суурингуудаас ямар зайд тархан байрлаж байгаа, ургамалжилт, бэлчээрийн тухайн үеийн нөхцөлтэй хэрхэн уялдаж байгаа вэ гэх мэт олон чиглэлээр нарийвчлан судлах гэнэ. Бас хамрагдсан талбайд газар ашиглалт, эвдрэл доройтол ямар байгааг үргэлжлүүлэн судлах боломжтой. Түүнчлэн газраас хийсэн тооллоготой зэрэг явагдсан болохоор үр дүнг нь харьцуулах, давуу болон сул талуудыг тодорхойлж, цаашид тооллого судалгаа хийхдээ ямар арга ашиглах вэ гэдгээ тогтоох аж.