1884-1895 оны Америкийн дипломатч Монголын тухай ном бичиж байжээ.

Марко Поло, Вилгельм Рубрук, Плано Карпини, Пржевальский гээд л Монгол нутгаар аялсан нэр цуут аялагчдын тэмдэглэл монголчууд бидний үүх түүхийг өөрсдөд маань хүргэж ирсэн гайхамшигт зууч, бас Монгол орныг дэлхий дахинд таниулах нэн чухал гүүр болж өгдөг билээ. Тэдгээр алдарт аялагчдын дунд Уиллиам Вүдвилл Рокхиллийн нэр зүй ёсоор бичигдэх ёстой. Уиллиам Рокхилл 1884-1895 оны хооронд Бээжинд АНУ-ын дипломатчаар ажиллаж байхдаа ажлаасаа чөлөө авч Монгол, Төвдийн нутгаар хоёр ч удаа аялжээ. Аяллыг нь Вашингтон Ди Си хот дахь Смитсонианы хүрээлэн ивээн тэтгэсэн байна. Энэхүү маш сонирхолтой хоёр аяллын тэмдэглэл “Лам нарын нутаг” (1891), “Монгол, Төвдөөр 1891, 1892 онд аялсан тэмдэглэл” (1894) гэсэн нэрээр ном болон хэвлэгджээ. 1891 онд хэвлэгдсэн “Лам нарын нутаг” номд Рокхиллын 1888, 1889 оны аяллын тэмдэглэлийг оруулжээ. “Халхчууд эзэнт гүрэн дотроо хамгийн баян нь бөгөөд өвлийн цагаар тэд Монгол, Төвд, Умард Хятадын томоохон сүм хийдээр олноороо ирдэг. Ирэх бүртээ адуу, тэмээ, мөнгө, торго гээд маш үнэтэй бэлэг авчирна” гэх мэтээр бичсэн байдаг.