“Чингис хаан поло” тэмцээнд монголчууд дахин үзүүрлэлээ

Өнгөрсөн амралтын өдрүүдэд Хархорин сумын нутагт “Чингис хаан поло-2013” олон улсын тэмцээн болж өнгөрлөө. Энэ удаагийн тэмцээнийг Монголын поло холбоо, “Чингис хаан поло” клуб хамтран зохион байгууллаа. “Чингис хаан поло” клубыг 1997 онд Германы иргэн Christopher Giercke үүсгэн байгуулж анх поло спортыг манай улсад оруулж иржээ. Пологийн спортыг тухайн газрын уур амьсгал, онцлог, мал аж ахуйн байдлаас хамааран морин, тэмээн, сарлагийн поло хэмээн нэрлэдэг байна. Манай улсад морин поло спортын тэмцээн зохион байгуулагдаад таван жил болж байна. Энэ жилийн тэмцээнд Монгол, Шинэ Зеланд, Австрали, Европын нийт зургаан багийн 24 тамирчин оролцож авхаалж самбаагаа сорилоо. Нэг багт дөрвөн тамирчин тоглодог аж. Пологийн спортоор тоглоход алдаа гаргавал торгуулийн цохилт хийнэ. Мөн алдааны зэргээс хамааран 30, 40, 60 яардын цохилт хийдэг, ерөнхийдөө хөлбөмбөгийн спорттой төстэй. Долоон минутаар дөрвөн үе тоглож хэн олон бөмбөг оруулсан нь хождог. Өнгөрсөн жил зохион байгуулсан “Чингис хаан поло 2012” олон улсын тэмцээнд Шинэ Зеландын баг тамирчид ирж түрүүлж байсан. Манай тамирчдын чадал чансаа жилээс жилд өсөж байгааг поло сонирхогч гадны жуулчид хэлжээ. Энэ жил 4:5 харьцаагаар Шинэ Зеландын баг дахин аваргалсан байна. Жил ирэх тусам манайд морин поло спорт хөгжиж энэ жил шинээр 30 хүүхэд хичээллэж 40 гаруй поло морьд сургасан байна. Пологоор хичээллэгч хүүхдүүдийн хамгийн бага нь таван настай. Монголын поло спортын тамирчид зуны улиралд энд бэлтгэлээ хийгээд өвөл нь гадаад руу явж туршлагатай тамирчидтай хамт бэлтгэлээ хийдэг аж. Хэрэглэл материалын хувьд метр гаруй урттай модон цохиур шаардлагатай. Харин бөмбөг нь атганд багтах хэмжээтэй ширээр хийсэн байдаг. Энэхүү олон улсын тэмцээнийг үзэхээр гадаадын 50 гаруй жуулчид ирсэн байна. Энэ жилийн тэмцээнд хоёрдугаар байр эзэлсэн Монголын багийн тамирчид Сингапур, Бээжин, Тайландад болсон олон улсын поло тэмцээнд оролцож тус тус гуравдугаар байр эзэлж байсан туршлагатай тамирчид ажээ. Багийн хоёр гишүүн малчин айлын хүүхдүүд гэнэ. Гадны тамирчидтай харьцуулахад манай тамирчид морьтойгоо харьцах тал дээр ихээхэн ур чадвартай аж. “Чингис хаан поло” клубын урилгаар өнгөрсөн жил есөн хүүхэд гадаад руу үнэ төлбөргүй явж суралцсан бол энэ жил ч бас дахин явах аж.