Дэлхийн стандартыг хангасан анхны зам тавигдлаа.

АНУ-ын Мянганы сорилтын сангийн буцалтгүй тусламжаар Говьсүмбэр аймгийн Чойроос Дорноговь аймгийн Сайншанд хүртэл 176.4 км хатуу хучилттай автозамыг тавьжээ. Түүнчлэн тус зам дагуух Айраг, Даланжаргалан сумын иргэд Мянганы сорилтын корпорацид хүсэлт гаргасны дагуу нэмэлт хоёр тэрбум гаруй төгрөгийн хөрөнгө гаргаж дээрхи сумдыг давхар хатуу хучилттай авто замаар холбожээ. Чойр-Сайншанд хоорондох 176.4 км зам нь Алтанбулаг, Замын-Үүд боомтыг холбох Азийн босоо тэнхлэгийн АИ-3 чиглэлийн автозамын нэгээхэн хэсэг юм. Говьсүмбэр аймгийн Чойроос Дорнод аймгийн Айраг сум хүртлэх 90 км замыг Солонгосын “Халла инженеринг энд констракшн” корпораци тавьсан бол Айраг сумаас Сайншандын хоорондох 86,4 км зам, Даланжаргалан, Айраг сумд хүртлэх 2.8 км автозамыг Хятадын компаниуд хийжээ. Энэхүү автозам нь дэлхийн стандартад нийцсэн Монгол дахь анхны зам гэдгээрээ онцлог. Замын суурийг дан буталсан чулуугаар биш цементээр давхар бэхжүүлж, нийт 20 см зузаантайгаар хийжээ. Ийнхүү цементээр бэхжүүлснээр бороо усны элэгдлээр хагарч, ан цав гарахаас сэргийлэхээс гадна хоорондоо барьцалдан, бат бэх болж даац нь нэмэгддэг байна. Бэхжүүлсэн суурьтай автозамын нэг тэнхлэг дээрх даацын дээд хэмжээ 15 орчим тонн бол бусад хатуу хучилттай автозамынх 11 орчим тонн байдаг. Чойр, Сайншандын хоорондох хатуу хучилттай авто зам ашиглалтанд орсноор Орос, Хятадыг холбосон Азийн транзит тээврийн хөгжилд ихээхэн үүрэг гүйцэтгэнэ. Түргэн муудах хүнсний бүтээгдэхүүнээсээ авхуулаад хэрэгцээ өндөр барилгын материалаа хүртэл автозамаар татах боломжтой. Хамарын хийд тэргүүтэй зам дагуух байгалийн үзэсгэлэнт газраар аялах гадаад дотоодын жуулчдын тоо ч эрс нэмэгдэнэ. Түүгээр ч зогсохгүй орон нутгийнхан зам дагуу дугуй засвар, амралтын газар байгуулах зэргээр амьжиргаагаа дээшлүүлэх боломжтой ажээ.