Өнгөрсөн зууны эхээр барууны газар зүйн эрдэмтэд дэлхийн хойд ба өмнөд туйл руу хамаг анхаарлаа хандуулж, чухам хэн нь Өмнөд туйл буюу Антарктидад очин улсынхаа далбааг мандуулахаа үзэх гэж ил далд өрсөлдөж байжээ. Газрын зураг дээр цагаан толбоор тэмдэглэгдсэн тивийг нээхээр “Терра Нова” хөлөг онгоцны ахмад Роберт фалкон Скот-оор ахлуулсан Английн шинжилгээний ангийнхан 1911 онд аялалд гарахаар зэхжээ. Гэтэл тэдэнтэй эн зэрэгцэн Норвегийн иргэн Руаль Амундсен “фрам” нэртэй хөлөг онгоцоор Өмнөд туйлыг зорихоор болсон ажээ. Тэрбээр энэ аяллыг хийхээр нууцаар бэлдэж байсан учир хэрэгтэй гэсэн бүхий л зүйлсээ арвин нөөцөлчихсөн байсан гэнэ. Харин Роберт Скот туйлд түрүүлж очихын тулд цаг хожих зорилгоор моторт чарга, хүйтэнд тэсвэртэй монгол морьд, цасны нохойг сонгожээ. Тухайн үед Английн шинжилгээний багийнхан яагаад туйл руу хүрэхийн тулд морь, тэр дундаа монгол морь сонгосныг эрдэмтэд янз бүрээр тайлбарладаг. Шинжилгээний багийнхан хойд Сибирь, Буриад, Якутаас морьд сонгохоор удтал ярилцсан ч эцэст нь монгол адуугаар туйл руу явахаар шийдсэн байна.
Монголын тайгын цагаан адуу нь ямар ч гүн хунгарласан цасыг цавчиж өвс олж идэж чаддаг, цасан шуурган дунд зүг чигээ алддаггүй, хүний бэлхүүсээр татсан цасыг ч ядах юмгүй яраад гарчихдаг чадалтай амьтан ажээ. Байгалийн шалгарлыг даван туулсан тэсвэртэй энэ адууны үр удам одоо ч Хөвсгөл аймагт бий. Дархадын цагаан адуу тайгын идэр есийн тачигнасан жавраар цас цавчиж, нүүр нүдгүй балбасан шуургыг сөрөн давхидаг тийм шандастай. Энэ адууны хүч зоригийг магтсан дархад ардын дуу ч байдаг ажээ.
Харилцаа холбоо, мэдээлэл гэж хөгжөөгүй байсан тэр үед барууны оронд монгол адууны хүч чадлын тухай түүх хэдийнэ хүрчихсэн байсны нэг жишээ нь англичууд мөсөн туйлын аялалдаа монгол морьдыг сонгосон явдал юм. Монголоос аваачсан арваад тооны адуугаа жүчээнд байлгаж, хүнд хэцүү аялалд гарахад бүх талаар бэлтгэсэн гэдэг.
Аялал хэдийгээр эхэлсэн ч хоол хүнс хомс, шатахуун, керосин дутмаг зэргээс шалтгаалан Скоттын багийн аялал эхнээсээ л хүнд хүчир байжээ. Багийнхан зорилгоо биелүүлэхээр туйлд хүрсэн боловч өрсөлдөгч Норвегийн Амундсений багийнхан тэднээс сарын өмнө буюу 1911 оны 12 дугаар сард туйлд хүрч улсынхаа далбааг мандуулсан байсан тухай түүний үлдээсэн захидлаас Скотт уншсан байдаг. Ингээд зорилгодоо хүрсэн ч амжилт гаргаагүй багийнхан сэтгэлээр ихэд унаснаас гадна хоол хүнс нь дуусч ядарч туйлдсанаас гадна ноход ньүрэгдэж, морьд нь цуцаж, морьдодоо өгөх тэжээл байтугай хэлэн дээрээ тавих чимх талх ч үгүй болсон байна. Зах хязгааргүй цасан тал, бүүдийсэн бүрхэг тэнгэрийн доор багийнхан майхандаа олон хоногийг өлөн зэлмүүн өнгөрүүлж, керосин дууссанаас гэрэл гаргах зүйлгүй болж, өлсөж ядарсан багийнхан сүүлдээ хоорондоо дуугарахаа байсан гэдэг. Энэ талаар Скотт эцсийн мөч хүртлээ бичиж байсан өдрийн тэмдэглэлдээ дэлгэрэнгүй өгүүлжээ. Тэрбээр “Бурхан минь”, “Бурхан гэж байдаг бол” , “Би ийм аймшигт зовлон зүдгүүрийг төсөөлж ч байсангүй” гэсэн айдаст автсан аргаа барсан үгүүдийг нэлээд бичсэн байжээ.
Түүний багийнхны аялал сүүл рүүгээ аялал биш амьд байхын төлөөх, хөлөг онгоцондоо л хүрэх ганцхан зорилготой тэмцэл болон хувирч, хөлөө зөөж чадахгүй болтлоо сульдсан морьдоо буудаж алаад ачаа бараагаа орхиод зөвхөн майхнаа авч явсан байдаг. Сүүлийн тэнхээгээ шавхсаар хөлөг онгоцондоо хүрэхэд хэдхэн км үлдээд байхад майхандаа осгож үхсэн гэдэг.
Скотт хэдийгээр туйлд түрүүлж хүрч чадаагүй ч түүнийг газарзүйн шинэ нээлт хийсэн алдартай хүмүүсийн нэгд зүй ёсоор тооцдог. Түүний эмгэнэлт аяллыг дэлхийн хамгийн харамсалтай аялал хэмээх нь ч буй. Энэхүү аялал хэдийгээр амжилтгүй төгссөн ч зуун жилийн тэртээ монголь морь газарзүйн шинэ нээлтэд оролцож, Өмнөд туйл руу бусад хүмүүсийг хүргэх жим гаргасан гэдэгтэй бүгд санал нийлэх буй за.