Өнгөрсөн хоёр жилийн хугацаанд Японы олон улсын хамтын ажиллагааны “Жайка” нийгэмлэг өөрийн хөрөнгөөр Улаанбаатар хотод нийтийн тээврийн төсөл хэрэгжүүлэх судалгааг хийж гүйцэтгэжээ. Энэ нь “Улаанбаатар метро” төслийн суурь судалгаагаар Улаанбаатар хот 2020 он гэхэд төмөр замын “Толгойт өртөө” -нөөс “Амгалан өртөө” хүртэл Энх тайвны өргөн чөлөөний төв зам дагуу 17.7 км урт метроны шугам байгуулах боломжтой болохыг тогтоожээ. 25-р эмийн сангаас Зүүн дөрвөн зам хүртэл 6.6 км метроны шугамыг газар доогуур байгуулах бөгөөд энэхүү хэсэгт ресторан, кино театр, зоогийн газар, худалдаа үйлчилгээний газруудыг нээснээр урьдчилсан байдлаар 150 мянга гаруй ажлын байр шинээр бий болох ажээ. Уг төсөлтэй холбогдуулан 580 гаруй залуусыг япон улсад цахилгаан галт тэрэгний инженер техникчийн мэргэжил эзэмшүүлж ажлын байраар хангахаас гадна бусад туслах ажилчны орон тоог ч шинээр бий болгох гэнэ.
Зорчигчдыг цагт дунджаар 80 км хурдтай тэвээрлэнэ. Мөн түүнчлэн тасалбарын үнийг 600 төгрөгөөр тогтоох санал гаргасан байна. Цаашид метротой уялдуулан хот байгуулалтын хөгжлийн бодлого боловсруулах шаардлага гарч байгаа бөгөөд метроны өртөөг автобусны зогсоолтой холбосон зангилаа байгуулах ажээ. Ингэснээр автобуснаас буугаад шууд метронд суух боломжтой болно.
Цаашид метро байгуулах техник, эдийн засгийн үндэслэл буюу ажлын нарийвчилсан шатны судалгааг хийхэд жил зургаан сар, дараа нь тендер зарлан ажил гүйцэтгэгчийг сонгон шадгаруулахад мөн адил жил зургаан сар зарцуулах ба метро байгуулах жинхэнэ ажлыг 2016 оны хавар эхлүүлэхээр төлөвлөж буй ажээ. Метро байгуулснаар автомашины хөдөлгөөн 16 хувиар буурч, төдийчинээгээр агаарын бохирдол багасч, автозамын осол эндэл буурч, төвийн дүүргүүдийн автомашины түгжрэл багасах төдийгүй машины зорчих хурд нь 25 хувиар нэмэгдэх ач холбогдолтой гэж үзэж байна. Метроны сүлжээг дагасан 150 гаруй мянган ажлын байрыг бий болгосноор урьдчилсан байдлаар 2020 оноос 2030 оны хооронд улсын төсөвт 233 сая ам доллар төвлөрөх гэнэ.