Монголын мянганы сорилтын сангаас “Хашааны газрын өмчлөл ба эрхийн бүртгэлийн ажил”-ыг Улаанбаатар хотын хэмжээнд өнгөрсөн оны 10 дугаар сараас эхлүүлсэн ажээ. Энэхүү ажлын хүрээнд нийт 46 мянга гаруй хашааны газрын нарийвчилсан судалгааг хийж, иргэдийн газрын эрхийг баталгаажуулж эхэлжээ. Ийнхүү иргэдэд газар өмчлүүлэх ажлыг эрчимжүүлэх зорилгоор Нийслэлийн Засаг даргатай хамтран ажиллах хамтын ажиллагааны хүрээнд эхний ээлжинд Баянзүрх, Чингэлтэй, Сонгинохайрхан дүүргийн Өмч, газрын харилцааны албадаас санаачлан “Иргэдэд газар өмчлүүлэх ажил”-ыг эрчимжүүлэх сарын аяныг 3 дугаар сарын 25-ны өдрөөс эхлүүлжээ.
Төслийн хүрээнд сонгогдсон хэсгүүдийн айл нэг бүрт очиж, иргэдийн газар өмчлөлтэй холбоотой материалыг бүрдүүлэн авч улмаар тэднийг төлөөлж, үнэ төлбөргүйгээр холбогдох төрийн байгууллагатай ажиллах гэнэ. Мөн нийслэл, дүүргийн Өмч, газрын харилцааны алба нь ММСС-ийн хүрээнд иргэдийн газар өмчлөх хүсэлтийг 30 хоногийн дотор шийдвэрлэх гэнэ.