Дэлхийд өөр хаана ч байхгүй зөвхөн Монголын говьд цөөн тоотой оршдог нэн ховор амьтан мазаалайг хамгаалах талаар төрийн болон төрийн бус байгууллага, иргэд идэвхи санаачлага гарган олон төрлийн ажлуудыг санаачлан хэрэгжүүлж байна.
“Соёмбо” дээд сургуулийн багш, оюутнууд мазаалайг хамгаалахад зориулж хандив цуглуулах аяныг зохион байгуулж, цуглуулсан хандивын мөнгө 500 000 төгрөгийг мазаалай хамгаалах ажлыг хариуцан ажиллаж буй Говийн их дархан цаазат газрын хамгаалалтын захиргааны дарга А.Доржготовт гардуулж өгсөн байна. “Соёмбо” дээд сургуулийн оюутан залуусын хандивын мөнгийг Говийн их дархан газрынхан мазаалайн амьдрах орчныг сайжруулах, тухайлбал, ундаалдаг булаг шандны усыг сэргээж тохижуулахад зарцуулахаар шийдвэрлэжээ. Тус сургуулийн оюутан залуус “Устах аюулд ойрхон буй мазаалайг хамгаалах, сурталчлах үйлс”-д манай орны нийт оюутан залуусыг идэвхитэй оролцож хувь нэмрээ оруулахыг уриаллаа.