Архангай аймгийн Малчдын Холбооны гүйцэтгэх захирал Б.Баярмагнай: Хэдхэн жилийн өмнө сарлагийн хөөвөр чанарын хувьд сайн хэмээгддэг ч ямар ч үнэгүй эд байлаа. Шууд хяргаад авчихдаг байсан учраас үйлдвэрийн стандартын шаардлага хангаж чаддаггүй байсан юм. Харин 2008 оноос малчдаараа сарлагийн хөөврөө самнуулж үзтэл үр дүн нь сайнаар эргэж 1 кг нь 500 төгрөг байснаа 1000,1500 болж өсөж ирсэн. Малчдын холбооныхоо дэргэд хоршоо байгуулах үед сарлагийн хөөвөр 1 кг нь 3000 төгрөг болсон байсан. Өнгөрсөн жил 7000 төгрөгөөр худалдан авлаа. Үүнээс үзэхэд сарлагийн хөөврийн ашиг тусыг хүмүүс мэддэг болж, хөөвөр авах өрсөлдөөн үүсч, хөөврийн үнэ жилээс жилд өсөж байна. Манай холбоо европ стандартад нийцсэн утас, хөөвөр үйлдвэрлэж байгаа учраас ямар ч татвар төлөхгүйгээр экспортолж байгаа.
Сарлагийн хөөвөр нь микроны хувьд ямааны ноолууртай бараг адилхан бөгөөд лаборторийн шинжилгээгээр бага насны сарлагийн хөөвөр 19-20 микронтой гэж дүгнэгдсэн. Энэ нь нарийн урт гэсэн үзүүлэлт ба сарлаг томрох тусам хөөвөр нь бүдүүн богино болдог. Сарлагийн хөөвөрт ноолуураас ч илүү давуу талууд бий. Ус шингээдэггүй,дулаан хадгалах чадвар сайтай. Сарлагийн 10 кг хөөврийг угаахад 3 кг цэвэр хөөвөр гардаг. Бяруунаас 350-400 гр, том үхрээс 550 гр орчим хөөвөр авна. Архангай аймаг 160 гаруй мянган сарлагтайгаас Хангай, Тариат ,Өндөр-Улааан, Жаргалант зэрэг сумууд тэргүүлдэг.