Эх сурвалж: "Аялал жуулчлал ба тогтвортой хөгжил" сэтгүүл
Монгол улсын баруун бүсэд баруун талаараа Ховд, Увс, хойд талаараа Тува улс, зүүн талаараа Хөвсгөл, Архангай, урд талаараа Баянхонгор, Говь-Алтай аймгуудтай хиллэдэг, байгалийн бүх бүс бүслүүрт багтдаг үзэсгэлэнт нутаг бол Завхан. Тус аймаг нь 1923 онд байгуулагдсан бөгөөд 82 мянган км.кв нутаг дэвсгэртэй, 76 мянган хүн амтай, Улаанбаатар хотоос 1104 км зайтай оршдог. Нийт хүн амын дийлэнхийг халх, багахан хувийг сартуул, хотгойдууд эзэлдэг.
Хангайн нурууны баруун хэсгийн их уулархагт оршдог, эрс тэс уур амьсгалтай. Хамгийн өндөр цэг нь Отгонтэнгэр уул (4031м). Идэр, Завхан, Тэс, Хүнгүй голууд, тэдгээрийн цутгал олон гол мөрөн, Хар нуур, Тэлмэн, Ойгон, Цавдан, Холбоо зэрэг олон үзэсгэлэнт нуурууд, Отгонтэнгэр, Баянзүрх, Улаанхаалга, Зарт, Хожуул зэрэг олон рашааныг түшиглэн байгуулсан Баянзүрх, Зарт, Цэцүүх, Отгонтэнгэр, Улаан хаалга, Борбургас, Даян зэрэг амралт сувиллын газруудтай. Хур тунадас их унадаг. Аялал жуулчлал, газар тариалан сул хөгжсөн. Тэс, Идэр, Богдын голын хөндийд төмс хүнсний ногоо чацаргана тариалдаг.
Нутгийн бахархал: Завхан аймгаас улс орны хөгжилд түүхэн дорвитой хувь нэмэр оруулсан хутагт хувилгаад, гэгээнтнүүд, төр нийгмийн зүтгэлтнүүд, соёл урлагийн алдартнууд, улсын болон хөдөлмөрийн баатар, гавъяатууд хэдэн арав, зуугаар төрснөөрөө онцгой нутаг юм. Эдгээрээс Монгол улсын Ерөнхий сайд асан Жалханз хутагт С.Дамдинбазар, Дилов хутагт Б.Жамсранжав, Ялгуулсан хутагт С.Чимэдсүрэн, Монгол улсын анхны ерөнхийлөгч Н.Багабанди, дорнын их яруу найрагч Б.Явуухулан, төрийн соёрхолт зохиолч Л.Ванган нараараа завханчууд онцгойлон бахархдаг.
Улиастай хот: Аймгийн төв нь Улиастай хот. Улиастай хот томоохон клиник эмнэлэгүүд, арван жилийн сургууль, МСҮТ, Хөгжим бүжгийн коллеж, МУИС-ийн харъяа Эдийн засгийн сургууль, Орхоны Их сургуулийн салбар, зохиогчдын болон урчуудын салбаруудтай. Майхан уулын ам, Донойн хөндийд олон улсын нисэх онгоцны буудалтай. Хөгжимт драмын театр, орон нутгийн судлах музей, номын сан, түүхэн хүмүүсийн хөшөө дурсгалууд, биеийн тамирын спортын барилга байгууламжтай. Барааны болон хүнсний томоохон захууд, хэд хэдэн сүм хийдүүд ажилладаг. Хотын манжын амбан сайдын хэрэмний туурь нь эртний дурсгалд тооцогддог.
Байгалийн баялаг: Хангайн Булнай, Тагнын нуруу тэдгээрийн салбар уулсаар Шинэс, Тарвагатайн нуруу нь хушин ойтой. Баавгай, зэрлэг гахай, бор гөрөөс, буга, аргаль, янгир зэрэг ховор амьтад байхаас гадна ирвэс, чоно, үнэг, хярс, мануул, дорго, шилүүс, туулай, чандага, тарвага, цагаан болон хар сүүлт зээр зэрэг ан амьтантай. Ой болон өндөр уулын, тал хээрийн нүүдлийн шувуудтай. Хойлог, ятуу, хур сойр, хун, хотон, нислэг сар, тас, шонхор зэрэг ховордсон шувууд бий. Хар нуур, Баян нуур загасаар маш элбэг. Тэлмэн нуур олон хошууд аралтай, шувуу элбэгтэй. Ойдоо зэрлэг жимсний нөөц ихтэй. Төмрийн хүдэр, цагаан тугалга, алт, зэс, алмаз, молибдений хүдэр, үнэт чулуу, хайлуур жонш, фосфорид, хүдэр, химийн болон барилгын түүхий эдийн баялагтай юм.
Завхан нутгийн хамгийн хамгийн:
Монгол орны хамгийн хүйтэн өвөл энэ нутагт болдог. Нэгдүгээр сарын дундаж температур - 20-30 хэм ба Тосонцэнгэлд - 53 хэм хүрч байсан удаатай бөгөөд тус аймгийн Тэс сумын нутагт өвөл - 40 гаруй хэм хөрөх нь бий.
Монгол орны хамгийн их элстэй аймаг. Нутаг дэвсгэрийнх нь баруун, баруун урд хэсгээр Монголын их элс, Борхярын элсэн манханууд 100-200 км үргэжилдэг.
Хамгийн их усны нөөцтэй газар бөгөөд 200-гаад түргэн урсгалт гол горхи, 100 шахам том, жижиг нууртай. Усны эрчим хүчний нөөцтэй.
Мал сүргээрээ улсдаа олон жил тэргүүн байр эзэлсэн. Таван хошуу малтай бөгөөд тулман хөхт ямаа, Булнайн сарлаг, Тэсийн голын адуу, Сартуулын ууцан сүүлт хонь, ноолуурын хар ямаа, Талын улаан үхэр зэрэг нутгийн үүлдрийн шилмэл мал зонхилон өсгөдөг.
Завхан аймгийн нутаг дэвсгэр дэх сүг зураг, буган чулуу, хүн чулуун хөшөөн дурсгалууд, XVIII зууны үеийн цэргийн цайз, худалдаа наймааны хот, хүрээ, хийд дуган сүмийн туурь, газар тариалангийн ул мөр бүхий 100 шахам түүх дурсгалын өв тусгай хамгаалалтад байдаг. Түрэгийн үеийн хөшөө дурсгал болох Мөнгөт хясааны хөшөө, Зүрийн овооны түрэг бичээс нь энэ нутагт аялагч, судлаачдын хамгийн их сонирхон үздэг түүхэн дурсгалууд бий.
Замын хүн саатам Завхан нутагт зочилсноор Цаст Очирваань Отгонтэнгэр уулын бэлд вансэмбэрүү цэцгийн үзэсгэлэн гоог биширч, Монголд алдартай Солонгот, Загастай, Ганцын даваагаар хангайн нурууны салбар уулсыг даван аялж, уулсын их цармаас эх авах олон арван рашаан булгуудаар гаталж Идэр, Тэс, Завхан, Хүнгүйн гол, Хар нууруудаар загасчлан Тэсийн зэрлэг чацаргана амсаж сэтгэлээ сэргээн унаган байгалийг үлэмж гоог тольдох болно.
Завхан аймгийн 9 гайхамшиг: Отгонтэнгэр хайрхан, Хар нуур, Загастайн давааны хүн чулуу, Бор хярын элсэн манхан ба Мухартын гол, Тэсийн гол ба Нисэхийн шугуй, Их хайрхан уул, Дааган дэлийн буган чулуун хөшөө, Идэр голын буган хөшөөт дурсгал, Сангийн хэрмийн туурь
Аяллын маршрут: Тус аймагт үндсэн 3 маршрутаар байгалийн үзэсгэлэнт газрууд болон түүхэн дурсгалуудыг үзэж аялах боломжтой.Үүнд:
Төвийн буюу Отгонтэнгэрийн чиглэл: Энэ чиглэлд мөнх цаст Отгонтэнгэр уул, Бадархундага нуур, өвөрмөгц тогтоц бүхий гол нуур, хүтэн рашаан, Отгоны амралт, Даян амралт, биологийн төрөл зүйл, Улиастай сум дахь Манжийн амбаны Сангийн хотын туурь, Завхан нутгаас төрөн гарсан хутагт хувилгаадуудын Есөн цагаан суварга болон орон нутгийн музейг үзэх.
Говийн чиглэл: Энэ чиглэлд говийн унаган төрхөөрөө байгаа эмзэг онгон байгаль, байгалийн элдэв сонин тогтоц, тэмээний аж ахуйтай танилцах, загас агнуур, шувуу ажиглах, Яруугийн хүрээний туурь, хүн чулуун хөшөө зэрэг эртний түүх дурсгалын өвийг үзэх.
Хангайн чиглэл: Булнайн болон Тарвагатайн нурууны үзэсгэлэнт сайхан байгаль, гүн уст нуурууд, газрын хагарал, нүүдлийн шувууд, хийдийн балгас, халуун, хүйтэн рашаанд эмчилгээ сувилгаа хийлгэх (Зарт, Баянзүрх рашаан сувилал), завиар зугаалах, шувуу, амьтан ажиглах, спорт агнуур хийх орно.
Отгонтэнгэр хайрхан: Мөнх цаст Отгонтэнгэр нь Хангай нуурууны ноён оргил бөгөөд далайн төвшнөөс дээш 4031 метр өргөгдсөн эргэн тойрондоо битүү ой хөвч, ширүүн урсгалт гол, нуураар элбэг байгалийн өвөрмөгц тогтоц бүхий газруудтай, ховор ургамал, амьтан элбэгтэй, олон рашаан сувилалтай үзэсгэлэнт уул юм. Отгонтэнгэр уулыг 1779 оноос эхлэн тахиж ирсэн бөгөөд 1911 онд Богд хаант Монгол улсын хууль зарлигаар жил бүр тахихаар тогтоож байсан түүхтэй. Энэ уламжлалыг 1992 оноос дахин сэргээж Отгонтэнгэр болон түүний орчмын уулсыг оролцуулан 955 км.кв талбайг нь улсын тусгай хамгаалалтад авч 1995 оноос Ерөнхийлөгчийн зарлигаар дөрвөн жил тутам тахидаг болсон юм. Отгонтэнгэрийн мөнх цасны хилээс доохно уулын энгэрт дархан цаазат газрын бүсэд Бадархундага хэмээх үзэсгэлэнт нуур бий. Энэ ууланд нэн ховор вансэмбэрүү болон Монгол алтан хундага зэргээс гадна Отгонтэнгэрийн арц гэж алдаршсан арц ургадаг.
Даян хайрхан уул: Отгонтэнгэрийн баруун талд Их даян, Бага даян нэртэй 2500 орчим метр өндөртэй хоёр уул бий. Эдгээр уулуудад Отгонтэнгэрийн бүсийн ховор ургамал болох вансэмбэрүү, хонин арц, алтан гагнуур, жамъянмядаг зэрэг олон төрлийн эмийн ургамал ургадаг. Даян хайрханы орой дээр хэсэг хавтгай газар байдаг бөгөөд голд нь Тайхар чулуу бий. Уулын орой дээрээс Алтайн уулс, Монгол элс зэрэг ойр орчмын газрууд илхэн харагддаг. Даян хайрхан нь олонд алдартай халуун рашаантай амралт сувиллын газартай.
Улаагчны хар нуур: Улаагчны хар нуур болон Хүнгүйн хар нуур нь Бор хярын элсэн тарамцагийн ар хөвөөнд байрлах бөгөөд элсэн хурдсанд хаагдаж тогтсон цэнгэг уст нуурууд юм. Улаагчны Хар нуур нь Эрдэнэхайрхан сумын Товхошийн сүрлэг уулсын дунд хойд талаараа элсэн манхан, урд талаараа өндөр уулсаар хүрээлэгдсэн гүн нь 48 метр, уртаашаа 30 орчим км, өргөөшөө 5-10 км сунаж тогтсон нуур юм. Уг нууранд омуль, фельд гэсэн хоёр төрлийн загас үрждэг бөгөөд нуурын голд далайн төвшнөөс дээш 2600 метрт өргөгдсөн их бага гурван Авгаш аралтай. Энд 13 төрлийн нүүдлийн шувууд ирдэг. Мөн нуурын дээгүүр шунх хэмээн цэцэг ургадаг нь маш үзэсгэлэнтэй харагддаг.