Аялал жуулчлал ба ажлын байр

Д.Гантөмөр АЖТХТ-ийн тэргүүн:

Аялал жуулчлал ба ажлын байр

Аялал жуулчлалын салбарын нийгэм-эдийн засгийн үр нөлөөг бодитой бөгөөд судалгааны үндэслэлтэйгээр гаргаж тавих ёстой. Монгол улсад аялал жуулчлалыг бодлоготойгоор, агуу хөгжлийг бүтээх “түлхүүр” болгон хөгжүүлэхийн тулд энэ сэдвийг, ялангуяа аялал жуулчлалын хөдөлмөр эрхлэлт, ажлын байр болоод нийгэм-эдийн засгийн үр өгөөжийн шалгууруудыг маш тодорхой болгон бүгд нэг “хэлээр” асуудлаа ярьж сурах нь зүйтэй. Хэдийгээр гадаадын голдуу төсөл хөтөлбөрүүдийн хүрээнд 1990-ээд оноос хойш Монголын аялал жуулчлалын салбар бодлого, төлөвлөлтийн талаар 20 гаруй мастер төлөвлөгөө, бичиг баримт гаргасан боловч эдгээр нь “монголжуу” болж буудаггүйгээс гадна төрийн бодлогоор залгамжлагдан хэрэгжиж бас чаддаггүй аж. Агуулгын хувьд эдгээр нь бидний дурьдан буй асуудлыг буюу тухайлбал, Монгол улсын нийгэм-эдийн засгийн хөгжилд аялал жуулчлалын салбар  бодитойгоор хэрхэн яаж үр өгөөж оруулах вэ, ямар салбаруудтай яаж хорших вэ, үйл ажилллагааг нь яаж дүгнэх вэ, шалгуурууд нь юу вэ гэдгийг нарийн гаргаагүй, тиймээс ч аялал жуулчлал хөгжүүлэх нь хэрэгтэй зөв гэж үзлээ ч яг батлагдсан статистик тоо баримтууд, санхүү эдийн засгийн анализ зөвлөмж шалгуурууд бүрхэг сул бичигдэж тэр хэрээрээ төрөөс үзүүлэх бодлого дэмжлэг нь тодорхой бус, үндэсний бусад хөтөлбөр бодлого чиглэлүүдтэй энэ салбар уялдагдан төлөвлөгдөж чадалгүй байсаар иржээ.

Өнгөрсөн жил Дэлхийн банкнаас Монголын аялал жуулчлалын эдийн засгийн чадварын дэлгэрэнгүй судалгааг нүүдэлчин соёл-байгальд тулгуурласан аяллууд хийгээд Чингисийн хөшөө мэт суурин цогцолбор гэсэн хоёр бүтээгдэхүүнээр жишээлэн тулгуурлаж барууны болон хөрш, ялангуяа хятадын зах зээлийн үндсэн дээр эдийн засагт үзүүлэх өгөөж, ажлын байр, нийлүүлэлтийн сүлжээн дэх бусад салбар үйлчилгээнүүдийн нэвчилт зэргээр нарийвчлан судлах ажлыг олон улсын хэмжээнд зарлан явуулсан. Үүнд АЖТХТ-ийн баг шалгарч ажилласан нь саяхан ном болон гарчээ. Энэхүү бүтээлд Монгол дахь аялал жуулчлалын салбарын ажлын байрны талаар дорвитой судалгаа хийгдсэн. Юутай ч Монголын аялал жуулчлалын эдийн засгийн үр өгөөж, ялангуяа ажлын байрны асуудлаар олон зүйлсийг энд хэлж болох ч дараах хэдэн багц саналуудыг тухайлан тодорхойлж байна.Үүнд:

Нэгдүгээрт, “Аялал жуулчлалын салбар” гэж яг ямар үйлчилгээний салбарууд, талбаруудыг оруулж байгааг тодорхойлох ёстой. Янз бүрийн орны нөхцөлд томъёологдсон онолын төрөл бүрийн тодорхойлтуудыг энд ишлэж болох ч олон улсын мэргэжлийн байгууллагын жишиг, стандартуудыг анхаарах нь зүйтэй. Олон Улсын Хөдөлмөрийн Байгууллагын “ОУХБ” (International Labour Organization) тодорхойлтод “бичихдээ” аялал жуулчлалын хөдөлмөрийн зах зээл гэдэгт тээврийн, тур операторын, аяллын агентын нарийн мэргэжлийн бүхий л сегментүүд хамаарахаас гадна ерөөс аялал жуулчлалын суурь шинж чанар бүхий ресторан, зочид буудал, хоол унд үйлчилгээний үндсэн салбарууд зайлшгүй хамрагдана” хэмээгээд “аялал жуулчлалын шинжит үйлдвэрлэл” – “tourism charachertistic industry” гэсэн томъёоллыг гаргасан байдаг. Үүнийг ДАЖБ зөвшөөрч гурван талаас нь буюу ОУХБ, ДАЖБ болон НҮБ-ын Эдийн засаг нийгмийн хөгжлийн статистикийн хорооноос баталгаажуулжээ. Иймд эдүгээ “аялал жуулчлалын шинжит үйлдвэрлэл” гэдгээр энэ салбарын хамрах хүрээг тодорхойлж байгааг олон улсын жишиг хандлага байна. Үүнийг одоогийн аялал жуулчлалын хуулийг шинэчлэхэд онцгой анхаарч холбогдох нэр томъёоллыг зүйтэй оноож, аялал жуулчлал нь бие даасан үйлдвэрлэлийн салбар уу, эсвэл олон үйлдвэрлэлүүдийн хольц нэгдэл үү гэдгийг тодорхой болгууштай. Ингэж гэмээ нь шууд утгаараа энэ салбарын ажлын байр, хамрах хүрээ болон нийгэм эдийн засгийн үр өгөөжийг бодитой тооцох бололцоотой.

Хоёрдугаарт, үүнтэй холбоотойгоор аялал жуулчлалын салбарт хамаарч буй үйлчилгээ бүрийг багтааж эдгээр үйлчилгээнүүдийг нэгтгэн уялдуулсан засаглалын хэлбэрийг бий болгон ажиллуулахгүй бол аялал жуулчлал гэдэгт нь зөвхөн хэдэн бааз, тур компани л хамаарч, энэ салбарыг хөгжүүлнэ гэхээр Берлин, Лондон явах, онгоц нэмэх тухай л асуудал болж  өрөөсгөлөөр ойлгогдох болжээ. Тээвэр, дэд бүтэц, хоол унд хийгээд зочид буудлын үйлчилгээний бодлого стратегийг энэ салбарын засаглалын хүрээнд нэгтгэж өгөх эсвэл холбоотой ажиллах механизмыг нь нарийн эс гаргаваас яг бизнес хийхэд энэ нь нэн хүндрэлтэй болдог. Учир нь тээвэр зочид буудлын салбарууд нь төрийн зохицуулалт бага, цэвэр хувийн хэвшлийн өрсөлдөөн дээр байлгах нь үндэсний аялал жуулчлалын компаниудаа дарамтлах, эдийн засгийн хувьд унагаах үр дагаврыг авч ирдэг. Хэрвээ 2014-2016 онуудын хувьд зуны ид жуулчны үе буюу 7-р сард гайгүйхэн зочид буудлуудын бүхий л өрөөнүүд, онгоцны тийзийн бүх захиалгуудыг гадны аль нэгэн компани төлбөрийг нь урьдчилан хийж гартаа бүрэн авчихвал Монголын тал нутгийг цаагуураа яаж ч эзэгнэж болох эрсдэлтэй. Иймээс энэ салбарын зайлшгүй шаардлагатай газруудад төр оролцсон зохицуулалт хийдэг нь аялал жуулчлал бол цаанаа олон нийтийн өмч болсон соёл хийгээд байгалийг мөрөөдөл дүүрсэн эрэлт, сэтгэгдэл дүүрсэн нийлүүлэлт болон зардагтай холбоотой. Харин аялал жуулчлалын тур операторууд 2 үндсэн үр нөлөөг бий болгодог. Нэгд, ажлын байрыг жуулчдын мөнгө төлж буй цэг бүрт үүсгэдэг, ялангуяа хөдөө орон нутагт, эмэгтэйчүүд, ядуурлыг бууруулах зорилтуудаар, хоёрдугаарт, эх орноо хаана хэнд хэрхэн харуулах цаад бодлогыг аяллын бүсүүд, зорих газруудыг үүсгэх замаар бий болгон, хянаж хэрэгжүүлж байдаг. Тиймээс том газар нутагтай, том сёол, уугуул нутагтай улс болгонд дотоодын тур операторуудын үүрэг хамгийн их байдаг. Ийм ч учраас тур оперотаруудаа хамгаалан дэмжих үндэсний бодлого, зохицуулсан засаглалын хэлбэр байх ёстой.

Гуравдугаарт, Аялал жуулчлалын нийгэм эдийн засгийн үр өгөөжийг тодорхойлж байдаг олон улсын нэгдсэн аргачлалыг манай үндэсний стандартад буулган хэрэгжүүлэх хэрэгтэй. 2000 оны 3 сард НҮБ-аас аялал жуулчлалын салбарын нийгэм-эдийн засгийн үүрэг ролийг тодорхойлох “Tourism Satellite Account” хэмээх аргачлыг боловсруулж эдүгээ бүх орнуудад мөрдөгдөж байна. Энэ аргын чухал нь энэ салбарт хамаарах үйлчилгээ, байгууллагууд нь аль вэ гэдэгт бус харин жуулчин хэмээх мөнгө төлж бүтээгдэхүүн үйлчилгээ авдаг хэрэглэгч гэдэгт нь ач холбогдол өгч жуулчид тухайн улсын нийгэм-эдийн засагт, бүтээгдэхүүн үйлчилгээнүүдэд ямар үр өгөөж өгч байгааг мөшгиж тодорхойлдог арга юм.

Дөрөвдүгээрт, Энэ салбарын ажлын байрны үзүүлтүүдийг улирлын ба улирлын бус чанараар тооцох, шууд ба шууд бус ажлын байруудыг жуулчны үйлчилгээг нийлүүлэх сүлжээний дагуу, тухайн үйлчилгээ аж ахуйнууд бүхэнд тооцон тогтоох хэрэгтэй. Нэг жуулчин Монголд ирээд буцаад явтлаа ямар ямар үйлчилгээг авч тэдгээрт нь хэчнээн хүмүүс цалинтайгаар ажиллаж байгааг нэхэж гаргаж болно. Аялал жуулчлалаас бодит орлого олдоггүй гэж ихэнх аймгуудын удирдлагууд үздэг. Мэдээж нутагтаа бүртгэлтэй цөөн жуулчны баазын газрын түрээсээр тооцвол энэ нь үнэн болох ч хэчнээн ажлын байрыг тухайн аймагт шууд ба шууд бусаар бий болгож, хэчнээн малчин айлд зочилж, хэр их бараа бүтээгдэхүүн худалдан, морь мал унуулж байгаа үнэлгээг харвал шал өөр дүн гарна. НҮБ-ын статистикийн хорооноос гаргасан дүгнэлтээр аялал жуулчлалын нэг ажлын байрны цаана бас нэг ажлын байр давхар үүсч, нэг жуулчны үйлчилгээнд 30-аад ажлын байр бий болдог гэсэн тооцоо бий.

Тавдугаарт, Салбарын ажилтнуудын нийгмийн байдал, ажлын байрны олон улсын зэрэглэл кодыг тогтоож мөрдөх явдал чухал юм. Аялал жуулчлал хэрвээ бие даасан салбар бол өөрийн гэсэн ҮЭ-тэй байх ёстой. Цаашид 10 ажилтантай тур компани, 20 ажилтантай жуулчны бааз, 100 ажилтантай зочид буудлын ажиллагсдын эрх ашгийг хэн хэрхэн хамгаалах хэрэгтэйг ярилцах ёстой. Монголын аялал жуулчлалын өдөр гэж заавал дэлхийн аялал жуулчлалын өдөр биш өөрсдийн түүхэн өдөртэй бахархалтай байх нь алсуураа энэ салбарын ажилтнуудыг нэгтгэх тавцан болж өгдөг. НҮБ-ын статистикийн хорооноос “эдийн засгийн үйлдвэрийн салбаруудын олон улсын стандарт” гэдгийг батлан улс орны статистикийн газрууд энэ дагуу бие даасан үйлдвэрлэл бүрийн ангилал кодыг гаргажээ. Жишээ нь энэ дагуу агаарын тээврийн салбарт “Н” группын 51 кодтой, хоол унд, байршуулах буудлууд “I” группын 55, 56 кодуудтай, тур оператор, агентлаг нь оффисын үйлчилгээний үйлдвэрлэл хэмээх “N” агентлаг группын 79 кодтой салбар болгон ашигласан байна.

Зургадугаарт, Салбарын нэгдсэн зорилго, алсын харааг эдийн засгийн үндэслэлээр тогтоох, ялангуяа Монголын аялал жуулчлалын салбарын зах зээл өөрийн багтаамж, үнэ цэнийг бодит мөнгөөр тодорхойлж түүнд хүрэх менежментийн хийгээд маркетингийн арга замуудыг гаргах ёстой. Энэ хүрээнд хэчнээн ажлын байрыг ямар хугацаанд яаж гаргахыг төлөвлөж болно.

Долдугаарт, Үндэсний том хэмжээний хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд аялал жуулчлал бодит алхмуудыг хийж чадах арга зам болохыг бодлогоор дэмжиж үйл ажиллагааг холбох хэрэгтэй. Тухайлбал, Монгол мал, ус, сүү гэх мэт үндэсний үйлдвэрлэл, жижиг дунд үйлдвэрлэл болон байгаль хамгаалал ногоон хөгжил, ТНХГН, гадаадын хөрөнгө оруулалт, соёлын бодлогуудтай аялал жуулчлалыг дэмжигч салбар болгон холбон чиглүүлэх хэрэгтэй. Ингэснээр аялал жуулчлалын салбараас гарч болох тэр их нөөц, боломж, менежмент, зах зээлийг бүрэн ашиглаж ажлын байрны бодлогыг давхар тодорхойлно. Үүний цаана аялал жуулчлалын ажлын байрны эрэлт, багтаамж, мэргэжилтнүүдийг төлөвлөн тооцож эдүгээгийн их дээд болон мэргэжлийн боловсролын чиглэл, мэргэжилтнүүдийн тоо, мэдлэг чадварыг тогтоох ёстой.