Д.Гантөмөр АЖТХТ-ийн тэргүүн:
Агуу хөгжлийг хэн хэрхэн бүтээдэг вэ?
Монгол улс уул уурхайн баялагтаа тулгуурлан үсрэнгүй хөгжих итгэл үнэмшил, бодлого чиглэлээс үүсч буй нэгэн чухал эерэг тал бол бид өөрсдийгөө бусдаас хамааран дагалдагч “хөгжиж буй орон”-ны статус жишгээр бус харин шинэ зууны дэлхийн хөгжлийн нэгэн сонгодог жишээ болгох ”АГУУ МОНГОЛ”-улсыг хөгжүүлэх язгуурын сэдэл хүслийг нэгэнтээ сэдрээж их тэмүүллийг бий болгож байгаа явдал юм. Энэ нь манай төрийн бодлого, олон нийтийн санаа бодлууд, бизнесмэнүүдийн үйл ажиллагаанаас илт харагдах болжээ. Цаашдын хөгжлийн гол үндэс нь нийтийн ардчилал, сайн засаглал, иргэний хүчтэй нийгмийн оролцоо бүрдэж чадахуйц эдийн засгийн оновчтой бодлогод суурилсан “кластер загвар хөгжлүүд” (economic cluster)-ийг өөрийн уламжлал (нүүдлийн соёлын давуу шинж) ба дэлхийн эдийн засгийн сонгодог зарчим (шинжлэх ухаан-үйлдвэр технологийн хот-science city)-тай хослуулан хөгжүүлэх явдал юм. Солонгосын эдийн засгийн сэргэн мандалтын удирдагч Пак Жөнхыйгийн бүхий л амьдралын гол зарчим нь “маш сайн бат бэх эдийн засгийн үржил шимтэй хөрсөнд л ардчилал жинхэнэ ёсоороо үндэслэдэг юм” гэсэн байдаг.
Дэлхийд хамгийн ядуу буурай байдлаас эдийн засгийн огцом амжилтыг бий болгож чадсан орнууд цөөнгүй бий. Тухай бүртээ өөр өөрийн хөгжлийн арга тактикуудыг эдийн засгийн тодорхой салбарууд дээр эхлэн хэрэгжүүлсэн байх юм. Нягтлан үзвэл, сэтгэл ханамжтай амьдрах, хүчтэй эдийн засагтай, жаргалтай нийгмийг цогцлоон бүрдүүлсэн улс орнуудын бодлогын үндсэн төв нь иргэддээ их хөгжлийг бүтээх агуу их хүсэл (national will), чинад ёс суртахуун, хүчтэй соёлыг (ethical virtue) суулгасан учраас л урвагч шарвагч үгүй, цуцагч, цуслагч үгүй ард түмэн нөр их хөдөлмөр, тэвчээр итгэл, эв нэгдэлтэйгээр их амжилтыг бүтээсэн нь бий. Европын баячуудын цаадах “Христийн эйтик” зэрэг нь чухамдаа эдгээр орнуудын шинэ эдийн засгийн соёл дахь тусгаар тогтнол нь болсон төдийгүй, эрчимтэй хөгжлийн цаад үндэс нь болж ард түмнийхээ сэтгэл зүрхэнд агуу хөгжлийг бүтээх их хүсэл, зориг тэмүүлэл, хатуужлыг тамгалан “хуягласан” байдаг. Ялангуяа Азийн үсрэнгүй хөгжсөн орнуудын жишгийг үзвээс, нэг талаас дэлхийн эдийн засгийн хөгжлийн технологийг өөрийн орондоо амжилттай суурилсан явдал, нөгөө талаас түүнийг баттай хэрэгжүүлж чадсан хүчтэй удирдагчаар манлайлуулсан явдал юм.
Стэнфордын Их сургуулийн их эрдэмтэн, Калифорны “Цахиурын хөндий”-г үндэслэгч Фред Терман өөрийн шавь нарын хамт Тайвань, Өмнөд Солонгосын Шинжлэх ухааны паркуудыг үндэслэн орчин цагийн технологийн үйлдвэрлэлийг эрчимтэй хөгжүүлсэн нь эдүгээгийн эрчтэй хөгжлийн нууц юм. Өнөөдөр БНХАУ-д 82, Хонгконг 2, Иранд 16, Японд 23, Тайванд 3, Филиппин, Вьетнам зэрэг олон улс орнуудад энэхүү шинжлэж ухаан-үйлдвэрийн паркуудыг байгуулан улс орныхоо хөгжлийн үндсэн технологи нууцыг тээж хөгжиж байгаа юм. Энэчлэн Сингапурын Ли Күн Юү, Солонгосын Пак ерөнхийлөгч, Тайваны Цай Ванчун гэхчилэн хүчтэй удирдагчид эцэс цуцашгүй хатуужин урагшилж аз жаргалтай нийгмийг бүтээнэ гэсэн хүсэл эрмэлзэл, их соёлыг түгэээж, ард иргэддээ “асаасан танк” адил их хөгжил рүү тэмүүлүүлж, одоо цагийн хөгжлийн хамгийн шилдэг хамгийн ноу-хау загваруудыг хойд америк, хөгшин европоос нутагшуулах замаар эх орноо шинэ хөгжлийн замд гаргаж чадсан юм. Гэхдээ бидний ярьдагчлан “илжиг мэт хөдөлмөрлөж” их хөгжлийг бүтээх нь тэртээх 60, 70-аад онуудаас Азийн хүчтэй эдийн засгийг бүтээсэн орнуудын нэгэн үзүүлэлт мөн боловч өнөө цагийн манай Монгол орны хүн амын нөхцөл, дэлхийн эдийн засгийн хурд, бусад улсуудын хөдөлмөрийн зах зээлийн бүтээмж зэрэгтэй харьцуулбаас төвөгтэй, басхүү их цаг хугацааг шаардсан, товчхондоо хөгжлийн сонгодог зарчим гэхэд бас эргэлзээтэй. Харин агуу хөгжлийг их буянтай улсын хөдөлмөрч ухаалаг иргэд, том хүсэл эрмэлзэлтэйгээр, хүчтэй лидертэй, гүн баттай этик-эрдэм соёл хүмүүжлээр, нарийн аргаар, эвээр бүтээдэг аж.
Манай орон хүн ам цөөн, өргөн уудам нутагтай, хоёр том гүрнээр блоклогдон оршиж, нэг том хотод хүн амын тал хэсэг нь амьдардаг нүүдлийн соёлын удамтай нутаг. Уул уурхайн асар их баялаг дэлхийн нийтийн анхаарлыг төдийгүй өнөө цагийн монголчууд бидний омог хүслийг бадраан их хөгжилд тэмүүлэх хүсэл аагийг буй болгожээ. Нэг талаас бид “их хөгжил” гэсэн амбицыг сэдрээн омогшуулахын хамт нөгөө талаас дэлхийн лидер хөгжлийн загвар технологи, нийгэм-улс төр, бизнес эрх зүйн цогц системийг эх орондоо хөрсжүүлж хөгжлийг бүтээх биш зөвхөн уул уурхайгаар дөрөөлүүлж, бусад чиглэл салбарууддаа хоёрдуулах юмуу тэтгэж явдаг зарчмаар хөгжлийг босгоно гэсэн чиглэлтэй, бид хэрхэн агуу хөгжлийг бүтээх вэ гэсэн зарчим нь ойлгомжгүй байна.
Уул уурхайн нөөц ихтэй учраас л бид заавал түүнийгээ ашиглах ёстой гэж биш, харин монголчууд бид маргааш биш өнөөдөр, үгүй ядаж л бидний хүүхдүүд энэ Монгол улсдаа өнөөгийн дэлхийн хамгийн өндөр хөгжилтэй орны нөхцөл түвшний дагуу аз жаргалтай амьдрах боломж байна уу, үүний тулд юуг яаж хэрхэн ашиглах бас юуг хэзээ яаж хөндөхгүй байх вэ гэдэг үндсэн асуулт байгаа учраас л газрын доорх нөөцөө ашиглах тухай ярьж байгаа гэдгийг бид дор бүрнээ санууштай. Тэгвэл ийм хөгжилтийг бүтээхийн тулд уул уурхайгаа хэдий хэмжээнд хүртэл хэрхэн ашиглах ёстой вэ, зогсох цэг хязгаар нь хаана байна вэ, уул уурхайгаас өөр ямар салбарууд нэн тэрүүнд байх ёстой вэ гэх буюу сэтгэл нэн ханамжтай амьдрах Монголыг бүтээх нийгэм-эдийн загийн хөгжлийн жор загвар нь яг юу байна вэ гэх хөгжлийн луужингаа тогтоох ёстой.
Өнөөдөр Монгол улсын өмнө тулгарч буй бэрхшээл хийгээд боломж бусад улс орнуудад ч бас өөр өөрийнхөөрөө байгаа. Тэд ч бас эрэл хайгуул хийж, сайхан амьдралыг бүтээхээр зүтгэж байна. Нэг ч улс орон хөгжилдөө ханаагүй байна, зогсоогүй байна. Сайхан ирээдүйн төлөө улс бүхэн өөрсдийнхөөрөө л давхиж байна. Дэлхийн банкны тооцсоноор 2011 оны ДНБ-ий үзүүлэлтээрээ Монгол улс 132 дугаарт байна, гэтэл цаашдаа бидний өмнө давхиж буй улс орнуудын тэр л хурдаар, араас нь яг тэдний мөрөөр давхих юм бол бид хөгжлөөрөө тэдний өмнө очиж чадахгүй нь ойлгомжтой.
Мөн бид эзэн Чингисийн удамтай, нүүдлийн соёлтой, орчин цагийн эзэд бөгөөд энэ уламжлал, түүх, ёс заншлаа басхүү хадгалж эдүгээчлэн хөгжмөөр байна. Тэгвэл энэ бүх хүслийг хэрхэн гүйцэлдүүлэх вэ? Яавал өнөө цагийн монголчууд бид өөрийн давуу онцлог талаа дөвийлгөн хадгалж, дэлхийн хөгжлийн тэргүүн болж чадах юм бэ? Энэ хөгжлийг хэн хэрхэн хэзээ бүтээж хаана очих вэ?
Зөвхөн агуу түүхээ түүчээ болгосноор, зөвхөн уул уурхайгаа урдаа барьснаар, эсвэл дан ганц цуцашгүй ажилсаг шоргоолж мэт хөдөлмөрөөр энэ бүхнийг бүтээхгүй ээ. Хэдийгээр эдгээр нь их хөгжлийг бүтээх хамгийн чухал хүчин зүйлүүд эргэлзээгүй мөн боловч, жинхэнэ агуу хөгжлийг бүтээх их хүсэл, жанжин шугам концевци, том хараатай бодлого, нарийн арга “заль мэх” үгүй бол үүнд хүрч чадахгүйг дэлхийн олон орнуудын түүхэн туршлага харуулдаг. Одоо байгаа олон олон асуудлаа бүрэн шийдэж байж дараагийн тэр том хөгжлийг бүтээнэ гэвэл үнэндээ үлгэр билээ. Луужингийн чигээ яв цав тогтоосон бол ирээдүйнхээ төлөө их үйлсийг өнөөдрийн асуудлууддаа түүртэлгүй давхар эхлүүлж байх ёстой, энэ нь шинжлэх ухаан, улс төр, бизнесийн түншлэлийн хөгжил, тогтвортой хөгжлийн цаад ёзоор агуулга нь билээ.
Эдүгээ дэлхийн хөгжлийн шилдэг загварууд нь бүсчлэгдсэн, улсын дотор дахин улсыг бүтээсэн дараах чиглэлүүдээр явагдаж байна.Тухайлбал:
1. Шинжлэх ухаан технологийн паркууд (Science Technology Park) -Цахиурын хөндий
2. Соёл амралтын бүс (Theme Amusement Park) – Дисней ланд, Дубай ланд
3. Бүтээмж, шоу бизнесийн бүс хот (Entertaiment Park) - Холливууд
4. Амралт зугаа цэнгэлйин бүс хот (Leisure Park)- Лас Вегас
5. Аж үйлдвэрийн бүс хот (Industrial Park) 1950-аад оноос хөгжиж буй орнуудын түүхий эд нөөц дээр тулгуурлаж гарсан концевци
6. Технологийн бүс хот (Technology Park) Хятадууд хүчтэй гаргаж ирсэн боловч технологийн үйлдвэрлэлээс нь салгаснаар төлөвлөсөн амжилтандаа хүрч чадаагүй.
7. Олон улсын санхүүгийн төв, хот улсууд (International Finace Centre) – Лондон Сити, Щвейцарь, Люксембург, Сингапур, Хонконг
Шийдэл хүлээлгэсэн асуудал бүхий газруудаа бүгдийг нь цэвэрлэж, алив гацаанаас ангижраад дараа нь их хөгжлийн тухай бид ярих уу, эсвэл шинэ хөгжлийг шинэ технологиор дэлхийн зах зээл (том капитал)-д өнөөдрийн проблемаа умартан одоогоос эхлэн хөгжүүлэх үү гэдэг бол монгочуудын цаашдын хөгжлийн түүхэн шийдэл болох биз ээ. Ямартай ч агуу хөгжлийг тодорхой “арга” буюу стратегийн ончтой салбаруудаар бүтээдэг агаад энэхүү нарийн аргын нэг нь олон улсын хэмжээнд “чимээгүй зөөлөн, утаагүй үйлдвэрлэл” гэгддэг аялал жуулчлалын салбар байдаг ажээ.
Агуу хөгжлийг аялал жуулчлал хэрхэн бүтдэг вэ.
Дээр дурьдсан дэлхийн хөгжлийн загвар бүс хотууд бүгдээрээ мэдлэгт тулгуурласан хөгжлийг тодорхой дагнасан чиглэлээр иж бүрдэл (cluser)-ийн юм уу цогцолбор (complex) хэлбэрээр тусгай статусын хуулийн орчинд бүтээж тухайн газар нь дэлхийн хүмүүс хүрэлцэн бөөгнөрч бүх чиглэлэээр хөрөнгө зарж, зугаацан цэнгэж, үгүй бол бизнес зорилгоо бүтээж хэн нь ч “их таашаал”-ыг хүртэж чадах орчин, үйлчилгээ, нөхцөл бүхий “бал бурам” болсон хот паркуудыг бий болгох замаар их баялгийг эх дэлхийн нийт хүмүүсээс хүртэх технологийг бүтээсэн байдаг. Ер нь хөгжиж буй хэмээх буурай хөгжилтэй аль ч орны хувьд яавал хүмүүсээ маш хурднаар дэлхийн баян улсын хүмүүсийн жишигт хүргэж, тэдэнтэй найз нөхөд ах дүүгийн холбоо тогтоож өөр өөрсдийнхөөрөө бизнес, соёл, нийгмийн харилцааг тогтоон дэлхийчлэх вэ, нөгөөтэйгүүр энэ явцдаа өөрсдийн газар орны соёл түүхээр бахархдаг, ёс заншил уламжлалаа судалдаг өвлөдөг, үнэ цэнээ хадгалдаг, бүр түүгээрээ баялаг бүтээж мөнгө хийдэг болох вэ гэдгийг хөгжлийн бодлогынхоо төв болгодог. Дэлхийн аль ч улс орон эрүүл саруул байгаль орчинд энх тунх амьдарч, байгалиа бахархан хэрэглэж, бохирдсон бол цэвэрлэн тэгшлэх, тусгайлан хамгаалж буй газруудаа багаас нь хүмүүст харуулж хайрлуулах, түүгээрээ санхүүгийн бат бэх зарчмаа бүрдүүлэх гэсэн арга чиглэл бодлогыг мөнхөд эрэлхийлдэг. Хаа газрын хүмүүс бүгд ажилтай орлоготой, ялангуяа эмэгтэйчүүд, хөгжлийн бэрхшээлтэй иргэд, хөдөөгийн, алс газрын буурай өрх гэрээр хөдөлмөрлөгчид өөр өөрсдийнхөө байгаа зүйлээр баялаг бүтээдэг, түүнийг нь үнэлж мөнгөжүүлдэг байлгахыг хүснэ. Энэ бүхнийг шийдэх хамгийн оновчтой арга зам юу вэ?
Дэлхий дээр энэ бүхнийг шийдэхдээ төрөл бүрийн тэтгэлэгийн аргуудаар биш харин тодорхой салбар нь өөрөө хөгжлийнхөө үйлдэл, үр нөлөө дагавраар дээрх асуудлыг шийдээд явдаг, бодит өгөөж нь байгаль, нийгэм, эдийн засгийн хөгжилд шууд бүтээлчээр тусч ард түмний нийтлэг сонирхол, хөгжлийн бодлогын төв зарчмыг үйл ажиллагаагаараа тарааж явдаг стратегийн онцгой ач холбогдолтой салбарын хүн төрөлхтний хөгжлийн түүхээс ил тод олж харсан нь чухамдаа аялал жуулчлал юм. Нөөц нь хязгааргүйн дээр дэлхийн бүхий л хүн амыг хамруулж чадах боломжит капиталтай, хүмүүст “таашаал-сэтгэгдэл-сэтгэл” үйлдвэрлэгч энэ аялал жуулчлалын салбар нь гагцхүү зөв бодлого, сайн засаглал, оновчтой менежментийн зарчмаар тийм агуу “үр жимс”-ийг өөрөөсөө үйлдвэрлэдэг байна. Аялал жуулчлал бол бүхий л салбараас хамгийн олон бүрэлдэхүүн “эд хэсгээс” бүрэлдсэн байдаг учраас хамрагдахгүй чиг салбар гэж бараг байдаггүй, тэр хэрээрээ нөлөөлөхгүй хүрээ хязгаар гэж үгүй юм. Харин энэхүү их боломж, нөөцийг зөв тохируулан үл хэрэглэвээс түймэр мэт хорт буруу нөлөөг авч ирнэ, оновчтой ухаалаг удирдаж, бодлого чиглэлээ тогтоовоос агуу хөгжлийг бүтээх хамгийн оновчтой массыг хамарсан үр нөлөөг хавтгайд нь тарааж асуудлыг шийдэж, амьдралыг баялаг болгодог. Тиймээс аялал жуулчлал өөрийн үндсэн үр жимсээ өгөх урьдач болон шаардлагат нөхцөлүүд гэж бас бий. Хэрвээ тэдгээр нь эс бүрдвээс аялал жуулчлал зугаа цэнгээний юм уу дайвар нэгэн үйлчилгээний салбар төдийгээр хязгаарлагдаж стратеги хөгжлийг алсуур нь хавж бүтээдэг “ид шидтэй” үндсэн чанар бүрхэгдэн алга болдог.
Эдүгээ хамгийн хаалттай гэгддэг хойд Солонгосоос авхуулаад хамгийн эрсдэлтэй гэгддэг Афганистан хүртэл, хамгийн баян хойд Америк, баруун Европоос уул уурхайн их баялаг үйлдвэрлэлтэй гэгддэг Австрали, Чили, Хятадууд хүртэл чухамхүү энэ л салбарт онцгой ач холбогдол өгч үргэлж бодлогынхоо тэргүүн эгнээнд тавьж ирсэн учир нь энэ юм. Дэлхийн засгийн газар НҮБ өөртөө энэ салбарыг харъяалуулан авч (UNWTO), Щвейцарь дахь Дэлхийн Эдийн Засгийн Форум улс орнуудын эдийн засгийн өрсөлдөх чадвараас гадна ганцхан олон улсын аялал жуулчлалын өрсөлдөх чадварын үнэлгээг зориуд хийдэг нь энэ салбарын ач холбогдлыг хөгжлийн тодорхойлогчид хэрхэн хардагийн нэгхэн баримт.
Сингапурын Ли Куан Юу ерөнхий сайд 1960-70-аад онд эх орнынхоо их хөгжлийг аялал жуулчлалын салбараар түүчээлэн тавьсан. Хэдийгээр Сингапур байгалийн нөөц, уул уурхайн баялаг гэх юм үгүй ч “аялал жуулчлал бол хоосноос агууг бүтээгч салбар” хэмээн тэрээр тунхаглаж байлаа. Улс орныхоо аялал жуулчлалын маркетингийн компанит ажлыг өөрөө гардан удирдаж эх орноо сурталчилж байсан тэрээр нэгэн удаагийн уулзалт дээр сэтгүүлчдийн “Яагаад аялал жуулчлалыг чухалчилна вэ? Ямар хүмүүс ийшээ ирнэ гэж?, энэ нутагт алдартай соёлын дурсгал, байгалийн онц үзмэр, хүн татах үйл ажиллагаа, түүхэн өв юу ч алга. Дэд бүтэц, буудал, үйлчилгээ ч алга, та яагаад энэ салбарыг ингэж онцлов?” хэмээсэн асуултад ингэж хариулжээ. ”Энд ирэх хүмүүсийн төсөөлөл чухал, аялал жуулчлал манай эх орон яаж хөгжих үзэл санаа, хүмүүсийн гүүрийг бий болгоно. Энэ бол бидэнд юу байгаа байхгүйн тухай биш, харин бид ямар сэтгэгдэл төсөөллийг хүмүүст хүргэснээр ямар баялаг бүтээх тухай салбар юм. Аялал жуулчлал бидэнд мөнгө бас ажлын байр авч ирнэ. Жуулчид Сингапурын юу нь үндэсний онцлог, юу үнэд орох, юуг өөрчлөн баруунжих чигийг үнэгүйгээр бидэнд заагаад өгнө. Тэд өндөр зэрэглэлийн буудлаас авхуулаад эгэл жирийн иргэнийд хоноглож, ресторанаас гуанз хүртэл үйлчлүүлнэ. Жуулчид музей, урлаг соёлын газруудад мөнгө төлж үйлчлүүлнэ. Манай дэлгүүрүүдэд ороод гэртээ байхдаа хэзээ ч худалдан авч чадддаггүй зүйлээ өөдрөг халуун сэтгэл, зориг, мөнгөөр худалдаа хийж жижиг үйлдвэрлэгчид, манай үндэсний барааг борлуулах гүүр болно. Жуулчны салбарын дор бидний өөрсдийн маань хэрэглээний тоног төхөөрөмж, үйлчилгээ бас байгаль орчин ногоон байгууламж эрс сайжирна. Манайд ирсэн жуулчин бүхний амнаас эх орныг минь үнэ төлбөргүй, хамгийн үр ашигтайгаар тайлбарлан суртчлах ажиллагаа тасралтгүй явагдаж энэ нь эх оронд минь хөрөнгө оруулах гүнзгий суурь итгэлийг гадныханд бүрдүүлнэ. Нүдээр үзсэн итгэлээр хөгжлийн хөрөнгө оруулалт явагдана. Үүний үрээр бид агуу хөгжлийг бүтээж олон улсын санхүү-эдийн засаг, тээврийн төв болно. Тиймээс бид дэлхийн хүмүүсийн амьдралын дээд хэв маягийг өөрсдөө бүрдүүлэх хэрэгтэй. Бохь, шүлсээ нулимахгүй, гудманд хог хаяхгүй, англиар ярьж инээмсэглэж хэвших хэрэгтэй” гэж хэлж байсан нь өнөөдөр чухамдаа бүрэн биелжээ. 5 сая хүн ам оршин суудаг энэ улсад 2011 оны байдлаар нийт 10 илүү сая жуулчид зочилж 18 их наяд ам.долларыг тансаг аялал жуулчлалын салбараас олжээ.
Эстонид цэрэгт яваад ирсэн залуусыг хээрийн амьдралын сургагч багш хэмээн бэлдэж хүүхдүүд өсвөр насны залуучуудад Баасан, Бямба гараг бүрт хээрээр аялах, амьдрах бүрэн цогц хичээлүүд, байгалийг мэдрэх, хайрлан хүндэтгэх, хог бохир хаяхгүй байх, цай хоол хийх, майхан сав хөнжил гудас, хувцас хунараа бэлдэх гээд скаутын түвшнээс дээш гарсан дадлага мэдлэгийг албан ёсоор олгодог. Энэ маягаар ирээдүй хойч нь зав л гарвал бар, диско, РС тоглоомоор явах, архи дарсанд улайрах бус хүн бүр аялагч, байгаль эхээ хайрлан хамгаалагч, хөрөнгө оруулагч болох амьдралын хэв маяг, соёл бүхий гоёлыг бий болгосноор төр нь байгаль орчин, амралт чөлөөт цагийн бодлогыг аялал жуулчлалаар дамжуулан ямар ч зовлонгүйгээр хэрэгжүүлэх бололцоотой болдог. Цэнэг нь дуусч буй гар чийдэнгийн асалт ямар байдаг, буруу цэнэг бүхий хүчээр цэнэглэхийн хор юу байх вэ, гэвэл шатна, түлэгдэнэ, эвдэрнэ, унтарна. Үүн лугаа адил аливаа улс ард түмнийхээ чөлөөт цаг, бие оюуныг хэрхэн зөв тохируулж цэнэглэнэ агуу хөгжлийг тэр хэрээр хурдан бат бэх бүтээдэг. Учир нь ямар ч хөгжлийг хүмүүс ард түмэн өөрсдөө л бүтээдэг. Иймд аль ч улсын аялал жуулчлал, түүний дотроос ард түмнийг сэргээн хөгжүүлж цэнэглэж байдаг амралт чөлөөт цагийн менежмент байдаг. Дубай бол хамгийн сонирхолтой жишээ. Юу ч үгүй элсэн цөлд аялал жуулчлалын хамгийн том хотыг босгосон энэ хөгжлийн ард мэдлэгт тулгуурласан технологийг эхэлж байгуулсан нууц бий. Нефтийн хязгаарлагдмал нөөцийнхөө орлогыг хязгааргүй хэрэгцээ баялгийг бүтээдэг салбар руу шилжүүлснээр байгалийн нөөцөөс хамааралгүй, хүмүүсийн хүсэл “шунал”-ыг ханган асар их мөнгийг үйлдвэрлэж буйн жишээ энэ. 2011 оны байдлаар аялал жуулчлалын салбар нь ДНБ-ний 32%-ийг эзэлж зочид буудлуудын тоо нь 575 хол давжээ.
Монгол улсад аялал жуулчлалын таван суурин цогцолбор хотууд үүсэх боломжтой. Говьд, баруун болон зүүн бүсэд, мөн хойд болон төв буюу Хархорум Хар Балгасны орчимд. Гэхдээ үүнийг одоогийн ярьж буй төслүүдийн адил Чингисийн цогцолбор, Динозаврын парк мэтээр харж ойлговол үнэхээр учир дутагдалтай. 2011 онд Дэлхийн банкнаас Монголын аялал жуулчлалын өрсөлдөх чадвар, санхүүгийн тооцоог яг ийм аялал жуулчлалын паркууд барих чиглэлээр үү, эсвэл талын малчны аялал жуулчлалын чиглэлээр хөгжүүлэх үү гэдгийг 20 жилийн перспиктив хийж үзээд сүүлийнхийг нь хамгийн ашигтай гэж дүгнэснийг анхааралгүй орхин өнгөрч боломгүй. Өмнө дурьдсанчлан агуу хөгжлийг “улсын дотор улс бүтээх” буюу “парк хот”-ыг байгуулах замаар хийдэг технологи байгааг бид бүрнээ харж хэрэгжүүлэх ёстой ч хоёр суурь зарчмыг чандлан анхаарууштай. Үүнд, нэгд бие даасан амралт-аялал жуулчлалын парк хотуудыг Монголд байгуулснаар бид яваандаа холбооны улсын загвар руу орно гэж шууд ойлгож болохгүй. Хоёрт, амралт-аялал жуулчлалын парк хотууд нь яваандаа төвлөрсөн хөгжил, ногоон засаглал, баялаг амьдралын хотжилтууд үүсэх нийгэм-эдийн засгийн нөхцлүүдийг бүрдүүлэхийн хамт монголын малчдыг, тэдний эдийн засгийн баталгааг хангах бүхий л асуудлуудыг шийдэх үндсэн салбар нь болох ёстой.
Тусгай хамгаалалттай нутгууд хийгээд монголын бэлчээрийн мал аж ахуй, малчдын амьдрал улам бүр үнэ цэнэтэй бас баян амьдралын хэв маяг болох ёстой. Эрчимжсэн МАА хотуудаа дагаад хөгжих авч бэлчээрийн МАА нь Монгол улсын цөм хөгжлийн язгуур нь байна. Үүний тулд малчны аялал жуулчлалыг өнөөгийн Австрали, Франц хэлбэрийн загварыг ашиглан өөрсдийн онцлогийг тусгасан технологиор хөгжүүлнэ. Дан гэрт жуулчдыг түрээслэн хонуулах нь малчдын өдөр тутмын уламжлалт технологиуд болох уналга эдлэл, нүүдэл суудал, зан үйлүүдийг үнэгүйдүүлэн хоцроох урхагтай учраас монгол соёл хүчтэй эдийн засгаар баталгаажиж чадах аялал жуулчлалын бүс нутаг, газар төлөвлөлтийг хийж болно.
Хэдийгээр Африкийн орнуудтай бид өөрсдийн хөгжлөө жиших дургүй ч аялал жуулчлалын хувьд Танзани, Кени, Намиби зэрэг орнууд дахь цагаан арьстнуудын дэглэсэн аялал жуулчлалын загварыг олон улсад их ярьдаг. Гол үндэс нь нутгийн уугуул иргэдийг аялал жуулчлал хэрхэн “тэжээж авч яваа” менежмент л юм. Африк, Зүүн өмнөд Ази, Өмнөд америкийн ихэнх орнууд дахь НИТАЖ буюу Community Based Tourism-ын цаад агуулга нь ердөө л хүчгүй болсон хөдөөгийнхөн, ядуу иргэдийг “ухамсартай мөнгөтэй” жуулчид тодорхой мөнгө зарж амьдрал ахуйд нь дэм болж, шийдвэр гаргах процесст энгийн иргэдийг оролцуулах тэдний дуу хоолойг нь чухалчлахыг хэлдэг. Тиймээс Монголын аялал жуулчлалд НИТАЖ хэмээх томъёоллоос илүүтэйгээр “нүүдлийн” эсвэл “малчны аялал жуулчлал” хэмээх чиглэлийг хөгжүүлэх үнэ цэнийг нь өсгөх ёстой.
Вьетнамын Хо-Ши-Мин хотын захиргаа хөгжлийн бэрхшээлттэй иргэдээ нэг дор цуглуулан гар урлалын үйлдвэр, үзэсгэлэнг байгуулж, тус хотод байгаа аялал жуулчлалын бүх автобус, үйлчилгээг тэр газраар заавал оруулдаг журам тогтоосон нь бий. Ингэснээр тус хотын хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн эдийн засгийн асуудлыг аялал жуулчлал бүрнээ шийдэж, жуулчид ч, иргэд нь ч үүнээс хождог. Манайд аймгууд ба сумдын төвүүдээ алсуур хаяж, тоос татуулан давхидаг аяллууд буй болсоор өдий хүрчээ. Архангай, Өмнөговь, Булган, Дундговь, Төв аймгийн төвүүдийг харахад аялал жуулчлалын өгөөж өдийг хүртэл үндсэндээ л алга байна. Өмнөговь дахь “Тэмээн”-н музей, Архангайд “Сарлаг”-ийн музей, Дундговийн уртын дууны музейнуудыг аялал жуулчлалаар босгож чадахгүй байна. Хот байгуулалт, ногоон орчин аялал жуулчлалаар дамжиж босдогийг дэлхийн бүхий л тэргүүний хотуудын жишээн дээр харж болно.