Дэлхийн өв- Орхоны хөндийн соёлын дурсгалт газрын Хамгаалалтын захиргааны ахлах мэргэжилтэн, магистар Н.Чимиддорж:
Нүүдлийн соёл иргэншил, түүх, соёлын дурсгал нь аялал жуулчлалыг татах нэгэн хүчин зүйл болдог учир тэдгээр нь хоорондоо нягт холбоотой, харилцан шүтэлцээтэй байдаг.
Дэлхийн өв-Орхоны хөндийн соёлын дурсгалт газар (ДӨ-ОХСДГ) нь Өвөрхангай аймгийн Бат-Өлзий, Хужирт, Хархорин, Архангай аймгийн Хотонт, Хашаат сумын нутаг дэвсгэрийн 121 967 га талбайг эзэлдэг.
Аялал жуулчлал бол эдгээр аймаг, сумдын хөгжлийн стратегийн нэг гол чиглэл мөн. Олон түүхт ойнуудыг улс орон даяар тэмдэглэсэн, аялал жуулчлалыг гадаадад сурталчлах өргөн цар хүрээтэй арга хэмжээ зохион байгуулсан, аялал жуулчлалд элдэв сөрөг нөлөөлөл тохиолдоогүй уур амьсгал, цаг агаар, зуншлагын хувьд тааламжтай байсан өнгөрсөн жилд Эрдэнэзуу музейг нийт 26 мянга гаруй аялагч, жуулчид үүнээс 13 мянган гадаадын зочид үзсэн нь 2010 оны үзүүлэлттэй харьцуулахад дөнгөж 4.3 хувиар өссөн дүн гарчээ. Өвөрхангай аймгийн аялал жуулчлалын гол бүс нутагт ирсэн аялагч, жуулчид, мөргөлчдийн дийлэнх олонхи нь уг музейг үздэг гэж бодохоор энэ үзүүлэлт үнэхээр чамлалттай юм.
Дээр нэрлэсэн аймаг сумд, байгаль, соёлын хосолмол танин мэдэхүйн аялал жуулчлалыг хөгжүүлэх нөөц, боломж ихтэй боловч түүнийгээ олигтойхон ашиглаж чадаагүйгээс энэ салбарт ахиц, өөрчлөлт удаан гарч, түүний үр дүн тааруу, орон нутгийн төсвийг бүрдүүлэхэд аялал жуулчлалын салбараас оруулж буй хувь нэмэр өчүүхэн бага, томоохон жуулчны баазууд нь гол төлөв Улаанбаатарт үйл ажиллагаа явуулдаг компаниудын салбарууд байна.
Аялал жуулчлал нь нэг загварт баригдсан, аялал жуулчлалын дотоод, гадаадын зах зээлд өрсөлдөх чадвар сул, аялал жуулчлалын бүтээгдэхүүний болон аяллын тогтвортой маршрутуудын тоо хэтэрхий цөөн, нэгдмэл удирдлаггүй, үйл ажиллагаагаа харилцан уялдуулж зохицуулахын оронд амин хувиа хичээснээс нэг нь ч олигтой хөгжиж дэвжихгүй, хөрөнгө оруулалт хийх санхүүгийн нөөц хуримтлагдахгүй, стандартын шаардлага бүрэн хангасан жуулчны үйлчилгээний байгууллага цөөн байна. Жуулчны үйлчилгээний байгууллагуудын үйл ажиллагааг хооронд нь уялдуулан зохицуулж нэгдсэн удирдлагаар ханган нэгдмэл цогц болгосон цагт аль нь ч хохирохгүй харин бүгдээрээ үр дүнд хүрч хожих болно. Өөрөөр хэлбэл аялал жуулчлалд оролцогч газрууд тухайлбал, амралт сувилал, жуулчны бааз, зочид буудал, зоогийн газар, музей зэрэг үзвэрийн газрууд, тээврийн үйлчилгээний байгууллагууд тус тусдаа салангид бус харин нэгэн зорилгын дор нэгдэн ажиллавал аялагч, жуулчдад чанартай үйлчилгээ үзүүлж, тэдэнд эерэг сэтгэгдэл төрүүлж чадна.
Орчин үед аялал жуулчлалын менежмент, маркетингийг шинжлэх ухааны үндсэн дээр хөтлөн явуулах шаардлага хурцаар тавигдаж байна. Өвөрхангай, Архангайчуудын орон нутгийн нэгэн давуу тал, бахархал болсон “Дэлхийн өв-Орхоны хөндийн түүх, соёлын дурсгалыг аялагч, жуулчдад үзүүлэх нэн тааламжтай нөхцөлийг аль болохоор бүрдүүлж, тэдгээрийг Дэлхийн өвийн шаардлагад нийцүүлэн аялал жуулчлалын эрэлтэд оруулах, хамгаалах, түүнийг дотоод, гадаадад өргөн таниулж сурталчлах хэрэгтэй байна. Ер нь ДӨ-ОХСДХ-ын менежментийг хэрэгжүүлэхэд прагматик хандлага чухал. Соёлын өвийг Дэлхийн өвийн жагсаалтад бүртгүүлэх нь дараах ач холбогдолтой. Үүнд:
· ОХСДГ нь хүн төрөлхтний соёлын өвийн салшгүй хэсэг, дэлхийн нүүдэлчдийн соёл иргэншлийн өлгий нутгийн хувьд дэлхийд данстай болж, түүний хамгаалалт олон улсын эрх зүйгээр баталгааждаг.
· ОХСДХ нь НҮБ-ын Боловсрол, шинжлэх ухаан, соёлын төрөлжсөн байгууллага ЮНЕСКО-ын хамгаалтанд орсноор өвийг сэргээн засварлахдаа санхүү, мэргэжилтний тусалцаа авах урьдач нөхцөл бүрдэж, судалгаа шинжилгээ хийх, зөвлөгөө авах боломжтой байдаг.
· ОХСДХ нь ЮНЕСКО-гийн веб сайт, ном товхимол, зурагт хуудас болон олон нийтийн мэдээллийн бусад хэрэгслээр дэлхийд өргөн сурталчлагдаж, таниулагдах Монгол улсын нэгэн нэрийн хуудас болно.
· Орхоны хөндийн хосгүй гайхамшигт соёлын өвийг дэлхийд таниулснаар Монгол улсад ирэх гадаад, дотоодын жуулчдын тоо нэмэгдэж улс, орон нутгийн тогтвортой хөгжлийг хангахад тус нэмэр болно.
· Монголчууд дэлхийд бүртгэлтэй соёлын өвөөрөө бахархан, түүнийг хадгалж хамгаалах эх оронч чин эрмэлзлэл, тэмүүлэл улам хүчтэй болно.
ОХСДГ нь Дэлхийн өвийн бэлгэдлийг хэрэглэх хэрэгтэй.
Монгол улс ОХСДГ-ыг Дэлхийн өвд бүртгүүлснээр дээр дурьдсан давуу талыг ашиглахын сацуу НҮБ-ын ЮНЕСКО-гийн Дэлхийн соёлын болон байгалийн өвийг хамгаалах тухай конвенци, Дэлхийн өвийн хорооноос батлан гаргасан түүнийг хэрэгжүүлэх үйл ажиллагааны удирдамжаар хүлээсэн үүргээ олон улсын байгууллагын өмнө хариуцан нэр төртэй биелүүлж, үр дүнг нь Дэлхийн өвийн хороонд тогтоосон хугацаанд тогтмол тайлагнаж байх ёстой.
2010 онд байгуулагдсан ДӨ-ОХСДГ-ын хамгаалалтын захиргааны соёлын дурсгалт зүйлийн хадгалалт, хамгаалалтад хор хохирол учруулсан элдэв хууль бус үйлдэл, зөрчлийг таслан зогсоож, гэм буруутай этгээдэд үүрэг, даалгавар өгч, албан шаардлага тавин захиргааны хариуцлага хүлээлгэх эрх мэдэлгүй бөгөөд байгууллагын төсөвт түүх соёлын дурсгалыг хамгаалах зориулалтаар хөрөнгө оруулалтын зардал огт тусгагдаагүй. Гэвч тус хамгаалалтын захиргаа нь ДӨ-ОХСДГ-ын менежментийг хэрэгжүүлэхэд түүнд оролчогчдын үйл ажиллагааг харилцан уялдуулан зохицуулж, зохион байгуулалт, мэргэжил, арга зүйн нэгдсэн удирдлагаар хандсан үндсэн чиг үүрэгтэй төрийн үйлчилгээний байгууллага юм.
Хамгаалалтын захиргаа болон орон нутгийн төр, захиргаа, аялал жуулчлал, музей зэрэг байгууллагууд бүгдээрээ ДӨ-ОХСДГ-ын хамгаалалтын менежментийн төлөвлөгөөг хэрэгжүүлэхэд оролцогч гол субъектүүд билээ. Дэлхийн өвийн хороо Монгол улсын Засгийн газраас ДӨ-ОХСДГ-ын хамгаалалтын менежментийн төлөвлөгөөг боловсруулах, хэрэгжүүлэхдээ олон улсын практикт түгээмэл хэрэглэдэг Дэлхийн өвийн хорооноос санал болгосон SMARTER (Self-Monitoring, Analysis and Reporting Technology, Evaluation, Re-evaluatian) буюу дотоод хяналт, шинжилгээ, тайлагналын технологи, үнэлгээ, дахин үнэлгээний дагуу үйл ажиллагандаа SWOT (Strength, Weakness, Opportunity, Threat) буюу давуу, сул тал, боломж, учирч болох эрсдлийг судалсны үндсэн дээр шийдвэрлэх зорилтуудаа тодорхойлж стратеги болон үйл ажиллагааны төлөвлөгөөний гүйцэтгэлийг нь хэмжих, үнэлж дүгнэж болох үзүүлэлтүүдтэйгээр боловсруулж практик үр дүнд хүрсэн байхыг шаарддаг.
Дээр дурьдсан олон улсын эрх зүйн актуудад Дэлхийн өвд бүртгэгдсэн соёлын өвийг хамгаалахдаа түүнийг зөв зохистой ашиглан орон нутгийн тогтвортой хөгжлийг хангах,үр шимийг нь нутгийн хүн амд хүртээн тэдний амьжиргааг дээшлүүлэхэд хувь нэмэр болгохыг чухалчлан заасан байдаг.
Тийм ч учраас дэлхийн соёлын өвийг хамгаалахад орон нутгийн иргэд, байгууллагуудын оролцоог хангах, тэдний сонирхол идэвхийг өрнүүлэх, дэмжлэгийг нь авах чухал үүрэгтэй.
Жуулчны үйлчилгээний байгууллагууд олон улсын болон өөрийн орны аялал жуулчлалын зах зээлд өрсөлдөх чадвараа дээшлүүлэхийн тулд үйл ажиллагаагаа олон улсын стандарт, жишиг, дэлхийн соёлын өвийн шаардлагад нийцүүлэх зорилт тавин ажиллаж, эхний ээлжинд монголын үндэсний стандартын шаардлагыг ханган үйл ажиллагаа явуулах эрхийн бичиг-стандартчилал, тохирлын үнэлгээний гэрчилгээ авах, улмаар одот зочид буудал, цэцэгт жуулчны баазын болзлыг биелүүлэх нь чухал байгаа юм.
Эртний Хархорум хотын тууриас олдсон археологийн, түүхийн, соёлын өв, хөдлөх дурсгалуудад тулгуурласан ил музей байгуулах асуудлыг аль болохоор богино хугацаанд шийдвэрлэн хэрэгжүүлж, Орхоны хөндийн түүх, соёлын дурсгалуудыг дэлгэн үзүүлэх музейн тоог нэмэгдүүлмээр байна.
Нэн даруй дэлхийн өвд бүртгэгдсэн Орхоны хөндийн түүх, соёлын томоохон дурсгалууд Дэлхийн өвийн шаардлагад нийцсэн эрдэм шинжилгээний тодорхойлолт, тайлбар бүхий самбар хийж байрлуулан аялал жуулчлалын эргэлтэд оруулах, аялал жуулчлалын бүтээгдэхүүнийг шинээр бий болгох замаар тэдгээрийн тоо, үйлчилгээний нэр төрлийг олшруулан чанарыг сайжруулснаар аялагч жуулчдын сэтгэл ханамжийн түвшинг дээшлүүлэх учиртай.
Юуны өмнө томоохон дурсгалуудыг хамгаалалтын хайстай болгон түүний дэргэд тэр нь түүхийн аль үед холбогдох, хэдэн онуудад археологийн ямар бүрэлдэхүүнтэй экспедицийн багууд малтлага хийж юуг олж илрүүлсэн, уг олдвор нь юуны гэрч нотолгоо, үнэ цэнэ, ач холбогдолтой болох эрдэм шинжилгээний товч тодорхойлолт, танилцуулгыг монгол, англи хэл дээр бичиж самбарт байрлуулан тавьж аялагч жуулчдад зохих мэдээлэл өгч байх нь зүйтэй юм. Жуулчны үйлчилгээний байгууллагууд Дэлхийн өвийн хорооны шаардлагын дагуу байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээнд заасан арга хэмжээ, нөхөн сэргээлтийг бодитоор хэрэгжүүлэн газрын хөрсийг эвдрэлд оруулахгүй, агаар, ус, орчныг эрүүл байлгах, хог хаягдал, бохир усыг зайлуулах асуудлыг зүй зохистой шийдвэрлэн байгальд ээлтэй үйл ажиллагаа явуулахын зэрэгцээ мод, бут, сөөг, зүлэг тариалж ногоон байгууламжтай болох замаар ногоон аялал жуулчлал эрхлэх, ногоон гэрчилгээжүүлэлтийн үндсэн шаардлагыг ханган түүний эзэмшигч болох нь онцгой ач холбогдолтой.
Орон нутгийн ИТХ, Засаг дарга нар соёлын өвийг хамгаалах тухай хуулиар хүлээлгэсэн үүргийн биелэлтийг хангах, түүх соёлын дурсгалыг хамгаалахад зохих хэмжээний хөрөнгө төсөвлөн зарцуулж бодит арга хэмжээ авах зайлшгүй шаардлагатай байна.
Орхон голын төмөр бетонон гүүрний дээд талд байрладаг арваад жуулчны баазууд руу авто машинаар шороон замаар зорчиход агаарт тоос их хэмжээгээр дэгдэхийн зэрэгцээ газрын хөрс эвдэрч байна. Энэ гол замыг хатуу хучилттай болгон түүнээс жуулчны баазууд руу салаалсан олон замуудын эхэнд тэдгээрийн тус бүрийн онцлогийг харуулсан сурталчилгааны самбар байрлуулах нь зүйтэй. Эртний Хархорум хотын туурины хамгаалалтын өмхөрч унасан модон шонтой хайсыг бетонон шон, тороор шинэчлэн солих, дэлхийн соёлын өвийн томоохон дурсгалууд оршдог Хархорин хот руу урд талаас орж ирэх гол засмал замын хоёр талд ДӨ-ОХСДГ, Орхоны хөндийн байгалийн цогцолборт газрыг сурталчилсан хоёр сүрлэг самбар хийж тавих, Хархорин дахь хаадын хөшөөний гурван хэсэг хананы дотор талд тухайн цаг үеийн хаадын шигтгэмэл дүрүүдийг урлан бүтээх зэрэг практик ач холбогдолтой ажлуудыг холбогдох аж ахуйн нэгж, байгууллагууд зөвхөн төсвийн санхүүжилт, хөрөнгө оруулалт хүлээж суулгүй, өөрсдийн санаачилгаар дотоодын нөөц бололцоогоо ашиглаж, хэр чинээгээрээ хөрөнгө хуримтлуулж бодитой хувь нэмэр оруулмаар байна.
Ер нь аялал жуулчлалын байгууллагууд өөрсдийн бизнесийг тогтвортой хөгжүүлэх үндсэн нөхцөлийг бүрдүүлэгч, унаган байгаль орчин, түүх, соёлын үнэ цэнэтэй дурсгалуудыг хадгалж хамгаалахад онцгой анхаарал тавьж ажиллах үүрэгтэй гол субъектүүдийн нэг яахын аргагүй мөн.
Дэлхийн өвийн нутаг дэвсгэрт байгаа Архангайн Хотонт, Хашаат сумдын нутаг дахь Түрэг, Уйгарын үеийн Хөшөө Цайдам, Харбалгасын соёлын томоохон дурсгалууд, музей, Өгий нуурыг аялал жуулчлалын байнгын нэг гол маршрут болгон улам өргөн ашиглах, аялагч жуулчдад байгаль орчин, түүх, соёлын дурсгалтай зүй зохистой харилцах, газрын хөрс усыг бохирдуулахгүй байх талаар санамж, сэрэмжлүүлэг өгөхөөс эхлээд үр дүнтэй ажил зохиомоор байна.
Нутаг дэвсгэр нь дэлхийн өвд бүртгэгдсэн түүх, соёлын үнэт дурсгалууд оршдог сумдын Засаг даргын тамгын газрын нэг түшмэлд аялал жуулчлалын тухай хуульд заасан ёсоор аялал жуулчлалын асуудлыг хавсруулан гүйцэтгүүлж мэргэшүүлмээр байна.
Олонхи жуулчны баазууд ДӨ-ОХСДГ-ын хамгаалалтын бүсийн дотор байрласан нь “Байгалийн болон соёлын өвийг хамгаалах тухай” олон улсын Конвенци болон соёлын өвийг хамгаалах тухай зэрэг хуулиудтай зөрчилдөж байгааг анхааралдаа авч, хамгийн наад зах нь дэлхийн өвийн нутаг дэвсгэрт аялал жуулчлал эрхлэх шаардлага стандартыг бүрэн хангах нь чухал.
Аялал жуулчлалын байгууллагууд өөрсдийн бизнесийг тогтвортой хөгжүүлэх гол хүчин зүйл болох унаган байгаль орчин, түүх, соёлын үнэ цэнэтэй дурсгалуудаа хадгалж хамгаалахад бодитой хувь нэмэр оруулах, аймаг, сумдын төр, захиргааны байгууллагууд түүх, соёлын дурсгалыг хадгалж хамгаалах талаар төлөвлөгөө, хөтөлбөр боловсруулан үе шаттай хэрэгжүүлэх нь тулгамдсан асуудал болоод байна.