МУБИС-ийн БТС-ийн багш Д.Батболд:
Хүмүүний амьдрал ажиллах, амрах гэсэн арга билгийн хуулинд захирагдаж байдаг. Орчин үеийн мэдээлэл харилцаа, техник технологийн үсрэнгүй хөгжил нь хүн төрөлхтний өмнө дэлхий ертөнцийг нээж өгсний зэрэгцээ амралт, чөлөөт цагаа идэвхтэй, зөв зохистой өнгөрүүлэх бодит хэрэгцээг бий болгожээ. Олон улсын туршлагаас харахад хүн төрөлхтний амралт чөлөөт цагаа идэвхтэй, зохистой байдлаар өнгөрүүлэх хэрэгсэл нь аялал жуучлал түүн дотроо спорт аялал жуучлал болжээ. Дэлхийн ДНБ-ний 10 хувийг бүрдүүлж буй аялал жуулчлалын салбарыг дэлхийн эдийн засаг, мөнгөн урсгалын эргэлтийг хөдөлгөгч гол хүч гэж үзэх болов. Энэ хүчний нэгэн томоохон хөдөлгүүр нь аялал жуучлалын зах зээлийн өсөлтийг түргэсгэж байгаа Спорт аялал жуулчлалын салбар юм. Хөгжингүй орны хүмүүс спорт аялал жуулчлалыг хөдөлгөөний хомсдлоос сэргийлэх, стресс тайлах гол зэвсэг гэж үзэх болсон.
Амралт, чөлөөт цаг, амьдралын зөв хэвшлийг төлөвшүүлэх, хөдөлгөөний дутагдал, стрессээс хамгаалах, хүүхэд, залуусыг чийрэгжүүлэх, бие бялдрын өв тэгш хөгжилтэй болох зэргээр хүн амын эрүүл мэндийн зөв хэмнэлийг бий болгоход спорт аялал жуулчлал асар их үүрэг гүйцэтгэдэг. Судалгаанаас үзэхэд АНУ-ын нийт насанд хүрэгчдийн 38% нь өөрийн байнга оршин суух газраасаа 80 километр болон түүнээс хол зайд спорт аяллыг тогтмол хийдэг. Мөн тус улсад явган аялдаг (134 сая), усан объектод очиж амрах (124 сая) зэрэг идэвхтэй амралтын хэлбэрүүд түгээмэл хөгжсөн байна.
Манай орны хувьд 1940-өөд оны үеэс спорт аялал жуулчлалын үндэс суурь тавигдаж 1980-аад оны төгсгөл хүртэл цана, тэшүүр, дугуй, мото аялал, явган болон морь, тэмээн аялал, спорт ан агнуур зэрэг идэвхтэй дотоодын спорт аяллын төрлүүд хөгжиж ирсэн. Харин 1990 он гарснаар аялал жуулчлалын хувийн хэвшлийн тур операторууд бий болж аажимдаа зах зээл, үйл ажиллагааны чиглэлээр төрөлжиж байна. Өнөөдөр манай орны спорт аялал жуулчлалын зах зээлд аяллын тур оператор компаниуд болон спортын байгууллага холбоодууд гол үүргийг гүйцэтгэж байна. Манай оронд спортын тэмцээн уралдааны болон адал явдалт хэлбэрийн аялал түгээмэл хөгжихийн сацуу сүүлийн жилүүдэд иргэдийн амжиргааны түвшин дээшлэх, мэдээллийн технологийн хөгжилтэй холбоотойгоор гадаад улс орнуудад спорт аялал хийх сонирхол нэмэгдэж, энэ төрлийн аяллыг санал болгодог байгууллагууд ч бий болжээ. Нөгөө талаас ялангуяа нийслэлийн иргэд амралт чөлөөт цагаа эрүүл агаарт идэвхтэй өнгөрүүлэх сонирхолтой болж сайн дурын спорт аяллын клубууд хүртэл олноор байгуулагдаж идэвхтэй үйл ажиллагаа явуулах болов.
Жил ирэх тусам манай оронд зохиогдох спортын томоохон уралдаан тэмцээн, арга хэмжээний тоо нэмэгдэж хөгжлийн хандлагатай уялдан аялал жуулчлалын салбар спортын салбартай нэгдэж Соёл, спорт, аялал жуулчлалын яам хэмээх төрийн захиргааны төв байгууллагатай болсон нь санаандгүй хэрэг биш юм.
Манай оронд аялал жуулчлалын бизнесийн 520 орчим тур оператор компаниуд бүртгэлтэй байгаа бөгөөд Монгол орны байгалийн нөхцөл, нөөцийн онцлогоос хамаарч адалт явдалт спорт аяллын бүтээгдэхүүнийг зах зээлд гаргах сонирхолтой болж, төрөлжиж байгаа нь спорт аялал жуулчлалын боловсон хүчний эрэлтийг бий болгож байна. Мөн 2008 оны Бээжингийн олимпын үр дүн манай орны спортын салбарт шинэ давалгааг бий болгосон нь спорт сонирхогчид, хичээллэгсдийг нэмэгдүүлж, спортын холбоод (50 гаруй)-ын үйл ажиллагааг идэвхжүүлсэн юм. Дэлхийн зах зээлийн хандлага, жуулчдын эрэлтийг даган манай оронд орчин үеийн цанын бааз, гольфын томоохон цогцолбор, спорт амралтын газар, жуулчны баазууд бий болж байгаа ч спорт аялал жуулчлалын мэргэжлийн боловсон хүчин дутмаг байсаар л байна. Дэлхий дахинд хүн амыг эрүүл чийрэг байлгах үндэс нь идэвхтэй амралт, спорт аялал жуулчлал гэж тодорхойлж байгаа өнөө үед ч бид нийтийн жишгээс хоцрохгүй хүн амаа эрүүл чийрэг байлгахын тулд спорт аялал жуулчлалыг хөхүүлэн дэмжиж, энэ төрлийн зах зээл дээр ажиллах боловсон хүчний асуудалд анхаарлаа хандуулах цаг нэгэнт болсон байна.
Манай орны хэмжээнд 2003 оноос МУБИС-ийн БТС-д биеийн тамир суурьтай спорт-аялал жуулчлалын арга зүйчийн анги нээгдэж мэргэжилтэнг бэлтгэж эхэлсэн хэдий ч боловсролын салбарын гаж тогтолцооны уршгаар БСШУ-ын сайдын 2010 оны 5-р сарын 20-ний өдрийн 235 тоот тушаалд дурьдсан аялал жуулчлалтай холбоотой индексүүдийн доторх сургуулийн мэдэлд үлдээсэн буюу алсдаа элсэлтийг хязгаарлах мэргэжлүүдийн тоонд орсон байх юм. Үүнээс харахад манай оронд спорт аялал жуулчлал хөгжих үү эс хөгжих үү, хөгжлөө гэхэд мэргэжлийн боловсон хүчингүйгээр урагшлах уу гэсэн асуулт нээлттэй үлдэнэ.
Олон улсын туршлагаас харахад спорт аялал жуулчлалын арга зүйч (sport tourism in structor) хэмээх мэргэжилтэн нь дор дурдсан газруудад хөдөлмөр эрхэлдэг байна.
· Спортын холбоод болон клубүүдэд спортын арга хэмжээ, аялал зохион байгуулагч менежер, сургагч багш
· Тур оперотар компаниуд аялал зохион байгуулагч, спорт аяллын хөтөч
· Тусгай хамгаалалттай газар нутгуудад орон нутгийн хөтөч, сургагч багш
· Эрүүл мэнд, фитнесс төвийн менежер, зохион байгуулагч
· Спорт цогцолбор, амралтын газрын зохион байгуулагч, менежер, хөтөч, сургагч багш
· Хүүхдийн зуслангийн зохион байгуулагч, менежер, сургагч багш
· Улс, аймаг, нийслэл, орон нутгийн биеийн тамирын газар хорооны мэргэжилтэн аргазүйч зэрэг ажлын байранд зохион байгуулагч, сургагч багш, арга зүйч, мэргэшсэн хөтөч зэрэг ажлыг хийдэг байна.
Манай орны хувьд спорт аялал жуулчлалын арга зүйч мэргэжилтэн нь спорт аялал жуулчлалын практик дадалд суурилсан маркетинг, менежмент, гадаад хэл, байгаль, газарзүй, түүх соёлын талаарх онолын өндөр мэдлэгийг эзэмшсэн байх нь хөдөлмөрийн зах зээлийн эрэлтэд нийцэж байна.
Манай орны спортын салбар хөгжлийн шинэ шатанд гарч, аялал жуулчлалын байгууллагууд зах зээлээрээ төрөлжиж, өвлийн болон дотоодын аялал жуулчлал хөгжих үндэс тавигдаж байгаа өнөө үед спорт аялал жуулчлалын төрөлжсөн мэргэжилтнүүд бэлтгэх нь тус орны спорт аялал жуулчлалын хөгжилд нэн чухал байна. Тиймээс спорт аялал жуулчлалын сургалтыг хөдөлмөрийн зах зээлийн шаардлагад нийцүүлэн ажил олгогч болон мэргэжилтэн бэлтгэгч талууд хамтын ажиллагаа өргөжүүлэн практикт суурилсан мэдлэг, чадвар бүхий боловсон хүчинг бэлтгэх хэрэгтэй байна.
Ашигласан эх сурвалж:
· Д.Батболд. Монгол оронд спорт аялал жуучлалыг хөгжүүлэх асуудалд. 2009 он
· М.Билэгсайхан. Байгалийн рекреацийн газарзүй. 2009
· Р.Зориг. БНМАУ-д биеийн тамирын спорт үүсч хөгжсөн нь. УБ 1976 он
· Thomos Hinch James Higham. Sport tourism development 2004
· Towards a national sports tourism strategy of Australia.2000
· Canada Tourism the Canadian Sport Tourism initiative online
· Ross Biddiscombe The business of Sport Tourism report