Шувуу ажиглах аялал Монгол улсын брэнд байх боломжтой

Шувуу ажиглагчдын шилдгийг  шалгаруулах тэмцээн болох гэж байна. Шувуу ажиглах, судлах, хамгаалах ажлыг өргөжүүлэх, шувуу ажиглагчдын хүрээг тэлэх зорилоготой  энэ тэмцээнийг Монголын шувуу судлалын нийгэмлэг, МУИС-ийн амьтан судлалын лаборатори хамтран зохион байгуулахаар болжээ.

МУИС-ийн Биологи, Биотехникийн сургуулийн амьтан судлалын багш, Монголын шувуу судлалын нийгэмлэгийн тэргүүн С.Гомбобаатар:

Хүн төрөлхтөн нийгэм эдийн засгийн хувьд хүнд байлаа ч сонирхол татсан, ойлгоход хүндрэлтэй  юм руу хошуурдаг. Шувуу өөрөө тийм л ертөнц юм. Түүнээс гадна шувуу олон янзын өнгө зүс, галбиртай. Хүмүүсийн бага танин мэдсэн амьтдын нэгд шувуу тооцогддог. Хүмүүс байгалийн сайхан тэр дундаа шувуунаас сэтгэлийн тайтгарал авахын тулд энэ бүлэг амьтан руу ихэд хошуурдаг болсон. Иймд шувууг танин мэдэхийн тулд эхлээд гадна талаас нь ажиглах ёстой. Ингэж л шувуу ажиглах үйл ажиллагаа эхэлсэн түүхтэй. Харин шувууг ажиглах нэр томьёо дэлхийд 1901 онд эхэлсэн байдаг. Манай орны хувьд бидний мэдэж буйгаар Хүннү гүрний үед 2000-3000 жилийн өмнө махчин шувуудыг хэрэглэж иржээ. Шувуу ажиглах үйл ажиллагаа хувь хүний сонирхол байснаа сүүлд хүмүүсийн хамтарсан үйл ажиллагаа болж өөрчлөгдсөн. Өөрөөр хэлбэл, шувууг ажиглахын тулд найз нөхөд, гэр бүлээрээ явдаг холбоо бий болж эхэлсэн. Үүнтэй уялдаатайгаар шувуу ажиглах аяллыг зохион байгуулдаг болсон. Дээр нь шувуудыг танин мэдэх гарын авлагуудыг ч бичих ёстой болсон. Шувуутай холбоотой анхны гарын авлага дэлхийд анх 1894 онд “Шувуудын хөрш” нэртэй ном хойд Америкт гарч байжээ. Гарсан даруйдаа 250 мянган ширхэг борлогдож байсан гэдэг. Тэгэхээр шувуу ажиглах аялал, түүнд оролцогчдын тоо олон байгааг 1894 оны дээрх баримтаас харж болох юм.

 

Шувуу ажиглагч гэж хэн бэ  гэхээр, шувууг хараад сэтгэлийн таашаал авч, ерөнхийд нь ажигладаг хүмүүс байдаг. Шувуучлах гэдэг нь шувуу ажиглагчаас арай дээд түвшний зохион байгуулалттай, тодорхой хүрээнд  шувуудыг хардаг, түүнийгээ шинжлэх ухаантай холбодог хүмүүс байдаг. Дээр нь шувуудын төрөл зүйлүүдийг бүртгэдэг хүмүүс ч бий. Шувуу ажиглах явцдаа нэг шувууг хараад л дараагийн шувуу руу явдаг нэг  хэсэг хүмүүс гэсэн үг юм.

 

Шувуу ажиглах үйл явцыг манай орон 1980-аад оны үеэс бизнестэй холбож ирсэн. Тэр үед анхны шувуу ажиглагч нар ирж байсан гэдэг. Гэхдээ энэ нь системтэй шувуу ажиглах аян байгаагүй. Мэргэжлийн шувуу ажиглагч ч байгаагүй. Энэ нь мэргэжлийн хүмүүсийн хүрээнд аяллын компаниуд орчуулга хийдэг хэлбэрээр зохиогддог байлаа. Зах зээлийн дараахан, 1996-1997 оноос эхлэн Монголд шувуу ажиглах аялал анхан шатны түвшинд хөгжиж эхэлсэн. Тухайн үед олон компаниуд байгуулагдсан. Тэд шувуу судлаачидтай хамтран ажилласан. Манай хамт олон шувуу ажиглах аяллыг 1998 онд эхлүүлсэн. Бид анх Сингапурын шувуу ажиглагчдыг Монголд авчирч, энэ чиглэлийн шинжлэх ухааны үндэслэлтэй ажлыг эхлүүлж байлаа. Шувуу ажиглах аялал Монголд дөнгөж хөгжих төдий явж байна. Хэдий тийм ч бидэнд хийсэн ажлууд нэлээд бий. Дэлхийд нэртэй шувуучлагчид сүүлийн арван жил бидэнтэй хамтарч ажилласан. Тэднээс бид маш ихийг сурлаа. Эндээс шувуу ажиглах аялал гэдгийг зөв системтэй, шинжлэх ухааны үндэстэй зохион байгуулах ёстой юм байна гэдэг дүгнэлт гарсан. Мэргэжлийн чиглэлээр шувуу ажиглах аяллыг явуулдаг байгуулага манайд цөөхөн. Тэдний нэг нь Монголын шувуу судлалын нийгэмлэг юм. Аялал жуучлалын үндэсний форумаас тусгай сонирхолын аялал жуучлал буюу шувуу ажиглах аяллыг үндэсний хэмжээний брэнд болгох талаар Соёл, Спорт, Аялал Жуулчлалын Яам зэрэг төрийн байгууллагууд, Монголын шувуу судлалын нийгэмлэг, МУИС-ийн Биологи, Биотехнологийн эрдэмтэн, судлаачид хамтран ажиллаж байна. Энэ ажилд Соёл, Спорт, Аялал Жуучлалын яамны хамт олон эрчимтэй ажиллаж буйд шувуу судлаач, сонирхогчид, ажиглагчдынхаа нэрийн өмнөөс талархал илэрхийлье. Үүнээс үзэхэд цаашид шувуу ажиглах аялал Монголд шинжлэх ухааны үндэстэй зөв хөгжих байх.

 

Шувуу ажиглах аяллыг Монголд хөгжүүлснээр нэгдүгээрт, хүн байгалиа хамгаалахын тулд байгалийг сайн танин мэддэг болоход ач холбогдолтой. Хоёрдугаарт, шувуу ажиглах аялал маань өөрөө эдийн засгийн үндэслэлтэй. Жишээ нь, Хойд Америкийн шувуу ажиглагчид зөвхөн 2001 онд 32 тэрбум ам.долларыг жилд зарцуулсан  байдаг. Тэгэхээр эдийн засгийн хувьд ийм боломж байгаа учраас Засгийн газрын үйл ажиллагаа болгон өргөжүүлэхийг зорьж буй юм.

 

Дэлхийд ойролцогоор 10000 орчим зүйл  шувуу байдаг. Харин манай Монголд 490 зүйлийн шувууд бий. Сүүлийн хоёр жилд манай орны шувууны аймагт арван зүйл шувуу шинээр нэмэгдсэн. Тэдгээр шувууд  дунд  дэлхийд ховордсон байгаль, экологид тустай, Монголд анх удаа бүртгэгдсэн шинэ зүйлийн шувууд бол Бэсрэг дэглээ, Зээрд хүүргэнэ, Зээрд түнжгэр, Халзан шүрсүүлт  зэрэг шувуу манай оронд бүртгэгдээд байна. Зээрд түнжгэр гэдэг шувуу Зүүн өмнөд Ази, Тайланд, Тайван, Солонгост амьдардаг хэрнээ Монголд тэмдэглэгдсэн байгаа. Мөн Өрвийт доронго, Үнсэн доронго гэж шувуу олдсон. Эдгээр шувууд ихэвчлэн халуун оронд тархсан байдаг. Энэ нь хэд хэдэн шалтгаантай. Ингэж шинээр зүйл гарал бүртгэгдэж байгаа нь шувуу ажиглах аялал, шувуу ажиглагчид олширсонтой холбоотой. Нөгөөтэйгүүр, дэлхийн дулааралтай холбоотойгоор дулаан орны шувуудын тархалтын хил хойшоогоо сэрүүн бүс рүү түрж байгаатай холбоотой болов уу.

 

Шувуу ажиглагчдын шилдэгийг удахгүй тодруулна. Монголд шувууны зураг авдаг, шувуу хооллодог, үүр засаж тавьдаг шувуу сонирхогчид олон бий. Шувуу ажиглагчид, шувуучлагчид их цөөхөн. Жинхэнэ мэргэжлийн түвшинд шувуу ажиглах аяллыг зохион байгуулдаг мэргэжлийн хэдэн шувуу судлаачид байна. Сүүлийн үед МУИС-ийг төгссөн цөөн хэдэн залуучууд өөрийн сонирхолоороо шувуу ажигладаг болсон. Өнөөдөр Монголд шувуу судлалын чиглэлийн хөгжил 60 гаруй жилийн түүхтэй хэрнээ арваад л мэргэжлийн шувуу ажиглагчтай. Хөгжил нь удаашралтай байна уу гэвэл тийм. Үүнийг өөрчлөхийг тулд бид шувуу сонирхогч, ажиглагчдын хүрээг тэлэх ёстой. Тэрний нэг нь үндэсний шувуу ажиглагчдын тэмцээн юм. Хүмүүс Засгийн газрын ард талын цэцэрлэгт гэхэд 5-6 зүйл шувууг харж болно. Түүнийгээ системтэй бичээд байх хэрэгтэй. Дээр нь нэмээд өөрийнхөө мэддэг шувуудын зургийг аваад жагсааж  бичих шаардлагатай. Бичсэн шувуудынхаа зураг, нэрийг бидэнд ирүүлэх ёстой. Шувуу ажиглагчдын ирүүлсэн бүртгэлийг хараад зохион байгуулах комисс шалгаруулна. Тэрэн дотроос хамгийн олон, сонин содон шувуу ажиглагчийг тодруулах юм.  Ингэснээр цаашид шувуу сонирхогч, ажиглагчдын тоо нэмэгдэх болов уу гэж найдаж байна. Энэ бол энэ чиглэлийн хамгийн анхны ажил юм. Хийгээд, хамтран ажиллаад л үзэх хэрэгтэй. Дэмжиж туслах хувь хүн, байгуулагууд байвал бидэнтэй хамтран ажиллахыг уриалж байна.