Баянзүрх
дүүргийн 4-р хороонд хүүхдүүд тоглож, хөгшид амарч суух шинэхэн талбай нэгээр
нэмэгдлээ. Тус дүүрэг 2010 оны хөрөнгө оруулалт хөгжлийн жил болгон зарлаж
томоохон тохижолт, бүтээн байгуулалтын ажлуудыг хийж байгаагийн нэг нь энэ юм.
Өнгөрсөн амралтын өдөр ОХУ-ын болон Монгол Улсын баатар маршал Г.К.Жуковын
гарамгай гавьяаг мөнхлөн үлдээсэн музей, дурсгалын цогцолборын хойд талд амралт
чөлөөт цагийн талбайг нээх ёслол болов. Нээлтийн ажиллагаанд УИХ-ын гишүүн
З.Алтай, дүүргийн Засаг дарга Б.Батзориг, холбогдох албан тушаалтнууд болон
иргэдийн төлөөлөл оролцсон байна. Энэхүүү усан оргилуур бүхий амралт чөлөөт
цагийн цогцолбор барих 110 сая төгрөгийн өртөгтэй ажлын гүйцэтгэгчээр “Асгат
сервис” ХХК шалгарчээ. Уг цогцолборын 2 усан оргилуур 160 гаруй хошуутай бөгөөд
хошуу болгон 7 өнгөөр солигдон солонгорох орчин үеийн шийдэлтэй юм байна. Усан
оргилуурын эргэн тойронд гэрэлтүүлэг хийж, хүүхэд хөгшид нарлах 2 саравч,
сандал, цэвэр цэмцгэр байдлыг хангах үүднээс хогийн савыг байрлуулж, ая тухтай
орчин бүрдүүлсэн байна.