Туул гол дэлхийн хамгийн бохир гол гэгдэх боллоо

Дэлхийн эрүүл мэндийн байгууллага хамгийн бохирдолтой долоон голыг нэрлэсэн байна. Манай Туул гол уг жагсаалтын тавдуугаарт бичигджээ.

Судалгаанд “Туул гол нь Монголын нийслэл Улаанбаатар хотынхныг ундаалдаг ундны усны гол эх үүсвэр. Гэтэл сүүлийн жилүүдэд  энэ гол эрс бохирдож, ширгэх аюул тулгараад байна. Хорт бодис, хог хаягдал, арьс ширний үйлдвэрийн бохир усыг гол руу шууд нийлүүлдэг. Голын дагуух  бургас модод нь устаж үгүй болсон. Улаанбаатар хотын хөрс 90 гаруй хувийн бохирдолтой байгаа нь Туул голыг ширгэхэд нөлөөлж буй нэг хүчин зүйл болоод байна. Энэ голын загас жараахай ихээр үрэгдэж байгаа бөгөөд сав дагуух нутгуудад бохирдсон голын усны нөлөөгөөр шинэ зүйлийн хорт ургамал хүртэл ургах болжээ” гэж дурдсан байна. Мөн Монгол улсын нийслэл Улаанбаатар хотын усны бохирдол дээд цэгтээ хүрснийг тэмдэглэжээ. Улсын маань нийслэл Улаанбаатар хот дундуур мяралзан урсч, олон сайхан дуунд мөнхөрсөн Туул гол маань өнөө бидний цагт ийн дэлхийд хамгийн бохир, хортой устай голын нэг гэгдэх боллоо. Өмнө нь энэ голын бохирдлын талаар хэвлэл  мэдээлэлийн хэрэгсэлээр бишгүйдээ бичиж, сайн санааны байгуулага, оюутан залуус хавь орчных нь хогноос салгах ажлыг олонтаа л хийсэн. Холбогдох байгууллагууд нь Германаас хэдэн минж авчирсан болоод л өөр олигтой зүйлийг хийхгүй байсаар Улаанбаатарчууд бохир хортой усаар ундаалж байгаагаа дэлхийд зарлачихлаа. Үүний цаана улс эх орны нэр хүндийн асуудал хөндөгдөж, аялал жуучлалаас олох орлогод ч сөргөөр нөлөөлөхийг үгүйсгэхгүй юм. ДЭМБ-аас гаргасан энэхүү жагсаалтад орсон бохир голууд бол гол биш хог хаягдал, химийн бодисоор дүүрсэн бохирын цооног мэтийн л юмнууд байгаа юм. Ийм голуудын жагсаалтад Туул голоо оруулчихсан нь нэн харамсалтай.