Нүүдлийн шувууд түрүүчээсээ ирээд эхэлжээ. Оюу толгой уурхайн усан санд зэрлэг нугас, ногоохон нугас, алаг шунгаач, өнгөлөг цахлай, хөх дэглий, буурал галуу, хүрэн толгойт цахлай, хондон ангир иржээ. Монголын шувуу ажиглагчдын клубын гишүүн залуус Оюу толгой төслийн усан сангуудад нийт 12 зүйлийн 104 толгой шувуу бүртгэжээ. Клубийн гишүүд Улаанбаатарын ойролцоох нүүдлийн шувуудыг бүртгээд эхэлчихсэн ажээ. Ногоон нуур, Сонгины амралтын Туул голын орчимд ажиглалт хийхэд үхэр цахлай, гоё зээрд нугас, хос халбага нугас зэрэг шувууд иржээ. Нийслэлийн ойролцоох Хун нууранд хун шувуунаас эхлээд нүүдлийн олон шувуу ирснийг клубийн гишүүд харжээ. Хун нууранд гангар хун үүрлэдэг юм байна.